“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 35 дахь дугаарт “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоол нийтлэгдэв. Уг тогтоолоор Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг баталжээ.
Хөтөлбөрийн зорилго нь залуучуудын нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцож, хөгжилд бодитой хувь нэмэр оруулах таатай орчинг бүрдүүлэх замаар эх оронч үзэлтэй, тусгаар тогтнол, түүх, хэл, өв соёлоороо бахархдаг, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, өөрийн, гэр бүлийн болон нийгмийн өмнө хүлээх хариуцлага, хуулиар олгогдсон эрх, үүргээ ухамсарладаг өрсөлдөх чадвартай иргэн болоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгджээ.
Мөн дугаарт Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүртгэл, тооцооны журам”-ыг нийтэлжээ. Энэ журмын зорилго нь Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газрын тостой холбогдсон үйл ажиллагааг бүртгэх, тооцох, тайлагнах арга зүйг тодорхойлох, зохицуулахад оршиж буй аж.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын чуулганы 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанд оролцсон 58 гишүүний 55 нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгад оруулах нь зүйтэй үзсэн.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг 10 дугаар сарын 30,31, гадаадад байгаа иргэдийн санал авах өдрийг 19, 20” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжив.
Дараа нь Улсын Их Хурлын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, төслийн талаарх найруулгын өөрчлөлт хийсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайлан” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Е/43 тоот албан бичиг болон "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.
Албан бичигт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас татан авч байгаагаа мэдэгдээд нэмэлт, өөрчлөлтөө Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх болсныг зөв гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа мэдэгдээд, ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байгаагаа дурджээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тогтоолд тусгах саналдаа, Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах асуудлыг оруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, нийгмийн зүтгэлтнүүд, хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ар гэрийнхэн Ул төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 1998 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалд төр, засгийн тэргүүнүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөнөөс одоогийн байдлаар 31 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгаад байгаа аж. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан.
Мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/, эсвэл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд 40 сая төгрөг тус тус олгохоор уг хуулийн өөрчлөлтөд тусгасан. Одоогийн байдлаар нөхөн олговорт 3,2 тэрбум төгрөг олгожээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэхээр гишүүдээс гаргасан горимын саналыг дэмжив.
Ингээд УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ажлын хэсгээр хэлэлцэн тогтсон саналын томьёоллоо танилцуулахдаа, УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан хоёр өдөр хуралдаж байр сууриа нэгтгээд, саналын томьёоллын хувилбарыг боловсруулсан гэдгийг хэллээ.
Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж нэмэхээр саналын томьёоллыг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга С.Бямбацогт “үр өгөөж” гэдэгт татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно гэсэн өргөн утгаар нь ойлгоно, мө “дийлэнх” гэдгийг 50+1 гэдэг байдлаар томьёолсон гэдгийг тайлбарлав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд дээрх саналын томьёоллыг 100 хувь дэмжлээ.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Мөн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны 9 сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүйН саналаар тогтсон тул Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай” хэмээн тогтоолын төсөлд тусгажээ. Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.
Харин Ард нийтийн санал асуулга зохион байгуулах зардал, хугацаатай холбоотой асуудлыг тусгасан тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Байнгын хорооны дарга энэ үеэр хэллээ. Ингээд тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган, ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд оруулах, найруулгын засвар хийсэн саналуудын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн 9 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана ” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн 4 дэх өгүүлбэр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тус тус дэмжив. Түүнчлэн төслийн 3 дугаар зүлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайлан” гэж өөрчлөх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр өөрчлөн найруулах санал гаргасныг гишүүдийн 93,3 хувь нь дэмжлээ.
Ингээд УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжснээр чуулганы хуралдаан 15 минут түр завсарлав.
Энэ үеэр Байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тул нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Уг тогтоолын төсөлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны 9 сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай” хэмээн тусгажээ. Түүнчлэн Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.
Ингээд тогтоолын төслийг дэмжих санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98,3 хувь нь дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Ард нийтийн санал асуулгын зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг мэдэгдэв.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр шийдвэрлэжээ.
Дараа нь Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.
Үргэлжлүүлэн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын зээлийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Зээлийн гэрээнүүдийн төслийг зөвшилцөв. Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэн Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцжээ.
Хөтөлбөрийн хоёр дахь шатанд Дэлхийн банкнаас 100 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авах бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, эргэн төлөгдөх хугацаа 30 жил байх аж.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхтэй холбоотой дөрвөн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газар хооронд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрт заасан Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн төсөвт өртгийг 25 сая ам.доллараас 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэхээр тохиролцоод байна. Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүү 0, эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, хөнгөлөлтийн түвшин 40.5 хувьтай байна. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд, 27 дугаар тэмдэглэл гарсан. Иймд уг асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулж байгааг дурдав.
Дараа нь Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаарх танилцуулгадаа, Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавх бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай, 10 жилийн хугацаатай, “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг төлөвлөөд байна. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 158.3 сая ам. долларын энгийн эх үүсвэр болон энгийн хөнгөлөлттэй эх үүсвэр, харилцан кредит олгох механизмын Японы сангийн 3.48 сая ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус тус хэрэгжүүлнэ гэдгийг дурдав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, мөн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг нутаг буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжин, хувь нэмрээ оруулж ажилласанд нь талархал илэрхийлээд цаашид ч манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх шатны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, найрсаг харилцаатай болсондоо баяртай байна. Олон чухал асуудлыг хамтын хүчээр шийдэж, туршлага хуримтлуулсан сайхан он жилүүд байлаа. Монгол Улсад ажиллах хугацаандаа сайн засаглалыг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг хэлэхэд таатай байна. Цаашид ч шинээр томилогдон ирэх Суурин төлөөлөгчтэй идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар мэдээлэл өгөв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол өөрчлөлтүүдийн талаар товч танилцуулж, Улсын Их Хурлаас олон улсын байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны жишгийг шат ахиулахад хатагтай Биата Транкман идэвх зүтгэлтэй ажилласныг тэмдэглээд ажлын амжилт хүсэв.
Хатагтай Биата Транкман нь Монгол Улсад 2015 оны 9 дүгээр сард томилогдож ирсэн бөгөөд үргэлжлүүлэн БНХАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагчаар ажиллах юм.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Эхлээд Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэл болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 252.0 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж. Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн нэмэлт санхүүжилт, бүс нутгийн замыг сайжруулах нэмэлт санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээр таван төслийг тохирсон. Эдгээр төслүүдийг “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгасан байна.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна гэж төслийн танилцуулгад дурджээ. Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэх юм. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Дараа нь Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөх асуудлыг тус тус хэлэлцэж дэмжив.
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар олон улсын хоёр талт хэлэлцээр, зээлийн болон санхүүжилтийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 252.0 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж. Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн нэмэлт санхүүжилт, бүс нутгийн замыг сайжруулах нэмэлт санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээр таван төслийг тохирч, “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгасан байна.
Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлснээр төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна үзэж буйгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар хийсэн танилцуулгадаа дурдлаа.
Дараа нь Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж. Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн эргэн төлөгдөх хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жил байх бөгөөд хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар цаашид тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлав. Монгол Улс Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны гишүүнээр 2000 онд элсэж, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бөгөөд ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны 06 дугаар сард баталсан байна. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй түргэн шуурхай батлуулах боломж бүрдээд байгаа аж. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 300 сая ам.долларыг олгох бөгөөд эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил байх аж.
Эцэст нь Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлав. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг 1971-1980 оны үед хоёр улсын хооронд байгуулсан Засгийн газрын баримт бичгийн дагуу зохицуулдаг аж. Эдгээр баримт бичгээс Засгийн газар хоорондын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтсон байна. Уг нэмэлт, өөрчлөлтийг ноот бичиг байгуулах замаар хийхээр хоёр тал тохиролцжээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, цаашид үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон.
Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудпыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Онцгой дэглэм тогтоосноор хоёр үйлдвэрийн газрын үйл ажиллагаа жигдэрсэн бөгөөд шалгалтын актаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхэд нэлээд хугацаа шаардагдахаар байна гэдгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлж “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтов.
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Мөн “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж батлав. “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод эхний ээлжинд хэлэлцүүлэхээр саналаа ирүүлсэн төслүүд, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасан болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийг нэр заан тусгасныг Байнгын хорооны танилцуулгад дурджээ. Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд тогтоолд нэр заагаагүй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж байхаар төсөлд тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан үг хэлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжин батлав.