Өнгөрсөн бямба гарагт Саудын Арабын “Saudi Aramco” компанийн үйлдвэрийг дронууд дайрч бөмбөгдсөн улмаас Абкаик хотын ойролцоох дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах цогцолбор халдлагад өртсөн билээ. Уг халдлагаас болж газрын тосны олборлолт 50 хувиар буурсан тухай Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдель Азиз бен Сальман мэдэгсэн юм. “Дэлбэрэлт болсны улмаас 5.7 сая торх түүхий газрын тосны нийлүүлэлт зогсоход хүрсэн. Нөөцийн газраас зарим хохирлыг барагдуулна. Түүнчлэн энэ террорист халдлага нь өдөрт 2 тэрбум шоо фут хийн үйлдвэрлэлийг зогсоход хүргэжээ. Хийн үйлдвэрлэл нь 700 мянган торх шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг” хэмээн тэрбээр ярьжээ. Өнөөдөр /2019.09.16/ өглөө хөрөнгийн зах зээлийн арилжаа эхлэхэд Брент төрлийн газрын тосны баррелийн үнэ 19 хувь өсөж, $71.95 хүрчээ. Саудын Арабын үйлдвэрлэл буцаж хэвийн төвшинд хүрэхэд олон өдөр болно гэж тооцоолж байна. Өмнө нь халдлагыг Йемений "Ансар Аллах" хөдөлгөөний босогчид үйлдсэнээ зарлаад байсан юм. Харин АНУ-ын албаныхан халддагийг Иран улс үйлдсэнийг тогтоосон байна. Тэдний мэдэгдэж буйгаар халдлага “өмнө зүгээс буюу Йеменээс бус харин баруун болон баруун хойд зүгээс үйлдэгдсэн” аж. Энэ нь Ирак, Ираны хилийн цаанаас гэсэн үг. Мөн цохилтын нөлөөг шинжвэл дрон бус, харин далавчит пуужин ашигласан байх өндөр магадлалтай гэж дүгнэжээ.