Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн хоёр дахь шатны 100 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөр нь манай улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцын хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг “сэргээх”, нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд зориулан олгож буй дэмжлэг аж.
Уг хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 120 сая ам.долларын дэмжлэгийг 2017 оны эцсээр авч байв. Тэгвэл хоёр дахь шатны дэмжлэг болох 100 сая ам.долларыг Дэлхийн банк болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хамтран санхүүжүүлж байгаа гэнэ. Үүнийг төсвийн хөрөнгө оруулалттай хэрэгжүүлж буй төслүүдийн зардлыг бууруулж, үр ашгийг өсгөх, ипотекийн хөтөлбөрийн бүтцийг сайжруулах замаар худалдан авах чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулах нь.
Бэлтгэсэн: Ц.Ундрал