Монголчууд байсхийгээд л муу мэдээ дуулдаг болов. Тэр дундаа өвчин том, жижиг гэж ялгахаа байлаа. Нас барагсдын зургаан тохиолдлын нэг нь элэгний вирусийн улмаас хорвоог орхидог. Энэ нь уг өвчин хүн амын нас баралтын тэргүүн шалтгаан болохыг илтгэх баримт. Хэвлэл мэдээллийн хэн ч энэ талаар хангалттай ярьж, бичдэг. Харин Монголын ирээдүй болсон хүүхдүүд элэгний өвчнөөр энэлэн шаналж байгааг тэр бүр мэдээлдэггүй.
ЭХЭМҮТ-ийн хяналтад өдгөө элэгний архаг өвчтэй 155 хүүхэд эмчлүүлж буйн 81 нь хатууралтай болжээ. Томчууд л элэгний хавдар, хатууралд өртдөг гэдэг ойлголтыг уг статистик няцаана. Элэгний хатууралтай хүүхдүүд алсдаа эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай. Одоогоор 60 орчим хувь нь элэг шилжүүлэх мэс засал хийлгэх заалт руу шилжсэнийг ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, клиникийн профессор М.Дашаа хэллээ. Тэрбээр “Элэгний өвчин хүүхдүүдийн дунд элбэг тохиолдох боллоо. Энэ нь олон шалтгаантай. Ихэнхдээ вирусийн, эмийн болон хоолны хордлоготой холбоотой. Мөн ургийн халдварууд, цөсний замын үрэвсэл, бусад өвчний үед элэг гэмтэх, тодорхойгүй шалтгаанаар хатуурсан тохиолдол ч цөөнгүй.
Хоол, хүнсний буруу хэрэглээ, иргэдийн амьжиргааны түвшинтэй холбоотойгоор сүүлийн үед өвчлөл ихэссэн. Вирусийн улмаас элэг хатуурдгийг иргэд гадарладаг болсон. Тэгвэл эмийг замбараагүй хэрэглэснээр элэг өвчилдгийг тэр бүр мэддэггүй. Хүүхэд халуурав уу, үгүй юү хэнээс ч асууж, зөвлөхгүйгээр парацетамол уулгах нь хэвийн үзэгдэл болжээ. Гэтэл уг эм элгэнд маш муу нөлөөтэй. Хордлого нь ч хүчтэй. Манай тасагт гэхэд долоо хоногт дунджаар 8-9 хүүхэд зөвхөн эмд хордоод ирж байна. Тэдний олонх бага насных. Айл бүр эмийн сантай. Хэрэгтэй, хэрэггүй, хугацаа нь дууссан эмийг олноор нь хадгалдаг. Түүнийгээ хүүхдийн гар хүрэх газарт тавьдаг. Нөгөөхийг нь хүүхэд аваад идчихдэг. Энэ мэтчилэн эцэг, эхийн санамсар болгоомжгүйгээс хүүхдүүд керолин буюу мал угаадаг бодис, машины будаг шингэлэгч, шил арчигч шингэн, үсний будагны хор зэргийг ууж, хордох нь байдаг л үзэгдэл боллоо. Хүүхэд элэгний олдмол өвчинд нэрвэгдэх тэргүүн шалтгаан нь энэ” гэсэн юм.
Баталгаагүй, чанарын шаардлага хангаагүй хоол, хүнсний улмаас хүүхдүүд олноор хордох болсон нь элэг өвчлөх дараагийн шалтгаан аж. Үүнд жимстэй тараг, лаазалсан төрөл бүрийн жимс, элэгний нухаш, пицца, бүрж шарсан тахиа зэрэг түргэн хоолыг эмч нар нэрлэж байна. Лаазалсан, шарсан бүтээгдэхүүний найрлагад хоруу чанартай бодис их хэмжээгээр байдаг. Эцэг, эхчүүд үүнийг мэддэггүйгээс энэ төрлийн хоол хүнсийг хэт халаах, эсвэл хөргөж хэрэглэснээр бүтээгдэхүүний найрлага дахь хорт бодисыг улам идэвхжүүлдэг гэнэ.
Элэг бол хүний биеийн лаборатори. Хоол боловсруулах замын гол эрхтний нэг. Биед орсон бүхий л хортой бодисыг шүүж, гадагшлуулдаг. Ингэхдээ элэг их хэмжээгээр ажиллаж, гэмтдэг. Томчууд хэнэггүй, хайнга, залхуугаасаа болж хүүхэддээ бэлэн, түргэн хоол авч өгч “хордуулдаг” байна.
Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдгийг ухамсарладаггүй, жирэмсний хяналтдаа ордоггүй бүдүүлэг эмэгтэйчүүдээс болж хүүхдийн элэгний өвчний тохиолдол улам нэмэгдэх болжээ. Дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй гэр бүлээ төлөвлөж сураагүй, хүүхэдтэй болох бэлтгэлгүй хэрнээ төрүүлээд л байдаг хосууд анхаарлаа хандуулна уу. М.Дашаа эмч “Эцэг, эхчүүд элэгний вирустэй хэрнээ тоох ч үгүй хүүхэд төрүүлдэг. Үүнийгээ юман чинээ боддоггүй нь харамсалтай. Уршгаар нь хүүхдүүд элэгний янз бүрийн вирус, ургийн халдвартай төрж байна. Тэмбүүтэй хүүхэд олон мэндлэх болсон нь бүр ч эмгэнэл. Тэмбүүгийн бактери элэг, дэлүүг сонгомлоор гэмтээдгийг залуу аав, ээжүүд мэдэхгүй байна. Өвчтэй хүүхэд төрүүлсэн гэдэг статистик үзүүлэлтийг нэмэхээс хэтрэхгүй.
Манай эмнэлгийн хяналтад элэгний архаг үрэвсэлтэй, хатууралтай гурван сартайгаас 17 хүртэлх насны хүүхдүүд эмчлүүлдэг. Яваандаа бүгд элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай. Шалтгаангүйгээр элэг нь хатуурсан өсвөр насны 13-14 хүүхэд бий. Ээж нь вирустэй байсан уу, төрөхдөө ямар нэгэн халдвар авсан, эсэх нь тодорхойгүй. Хүүхдүүдийн эцэг, эх, ар гэрийн амьдралыг судлахад, амьжиргааны түвшин тааруу, гэр бүлийн төлөвлөлтгүй, эх жирэмсний хугацаандаа ямар нэг халдвар авсан байна. Ургийн халдвар гэдэгт эхээс хүүхдэд цус, эхсийн усаар дамжин, эсвэл амаржих явцад дамждаг олон төрлийн өвчнийг хэлнэ. Тиймээс хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн эцэг, эх эрүүл байх ёстой. Ямар нэгэн өвчтэй бол эмчлүүл. Үүрэг, хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Энэ бүхнээс шалтгаалж, хүүхдүүдийн дунд цөсний замын үрэвсэл, сувгийн төрөлхийн битүүрэл, гажиг хөгжил, дотоод шүүрийн болон бодисын солилцооны эмгэг элбэг тохиолдож, нялхсыг элэгний өвчтэй болгож байна” хэмээн өгүүлсэн.
Хоол боловсруулах эрхтний нарийн мэргэжлийн эмч нар аймаг, сум, дүүргийн болон өрхийн эмнэлгийнхэнд ганцхан зүйл захисан. Энэ нь элэгний өвчний үеийн болон нярайн биеийн шарлалт хоёрын шинж тэмдгийг ялгах. Дөнгөж төрсөн хүүхдийн бие шарлаж, аажмаар хөлөөс нь эхлэн арилах үйл явц нь ямар нэгэн өвчин биш. Харин элэгний хатууралтай, хүүхдийн биеийн байдал сул, шарлалт нь арилахгүй удаж байхад зарим эмч үүнийг “физиологийн шар” гээд тоохгүй, цаг алдах тохиолдол цөөнгүй гардаг гэнэ.
Яаж ялгах вэ гэж үү. Хүүхэд цагаан өнгөтэй баах, шээс нь өтгөн шар байвал яаралтай шинжлүүлэх шаардлагатай аж. Элэгний архаг үрэвсэл, хатууралтай хүүхдийг эрт оношилж, 60 хоногийн дотор хагалгаанд оруулах заалттай атал энэ мэт шалтгаанаар амьдрах хугацааг нь богиносгох явдал гарсаар байна. Нөгөөтээгүүр, эцэг, эхчүүд хүүхдийнхээ өтгөн, шингэнийг ажиглан, эмчдээ хэлж, цаг алдалгүй эмнэлгийн тусламж авснаар элэг шилжүүлэн суулгах хугацааг нь уртасгах боломжтойг эмч нар хэлсэн. Уг нь хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах хэрэгтэй ч манайхан ийм дадалд одоо болтол суралцаагүй л байна. Хүүхэд тань байнга ханиад хүрч, халуурдаг, өвчлөмтгий бол үзлэгт заавал хамруулаарай. Ялангуяа цус багадалт, рахит, тураалтай бол элэгний үйл ажиллагааг нь заавал шалгуулахыг эмч нар сануулсан. Элэгний өвчний шинж тэмдэг балархай, хүүхэд уйлж, орилох хэмжээнд хүртэл зовоодоггүй байна. Гэхдээ ядарч, сульдах, царай нь цонхийх, хоолонд дургүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай.
Хүүхдийн элэгний өвчин ихсэх болсонд агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал зэргийн аль нь ч нэг их холбоогүй аж. Зөвхөн эцэг, эхчүүдийн хариуцлагагүйгээс хүүхдүүд элэгний өвчнөөр энэлж байгааг дахин сануулъя. Өдгөө 50 орчим хүүхэд элэг шилжүүлэн суулгуулах мэс засал хийлгэх шаардлагатай байна. Уг эмчилгээний зардлын 90 хувийг улсаас санхүүжүүлж байгаа ч манай эмч нар хүүхдэд эл мэс заслыг бие даан хийсэн тохиолдол байхгүй. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нар хамтран, найман сартайгаас тав хүртэлх насны зургаан хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан нь амжилттай болсон. Хэдийгээр уг мэс заслыг эмч нар дангаараа хийхээр тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлдсэн, бэлэн гэх боловч бодит үр дүн хараахан алга. Өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгах хугацааг хойшлуулах л эмчилгээ хийж байна. Тийм учраас хүүхдүүд түмэн олноос хандив гуйх ээлжээ хүлээхээс өөр сонголт алга.