Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, холбогдох хүмүүст зарим үүрэг даалгаврыг өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болов.
Хуучин Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулна. Чингис хааны музейн барилга нь 14,570 мкв талбайг хамарсан, долоон давхар баригдах бөгөөд зураг төсөл нь бэлэн болжээ. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.
Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гарсан ч музейн барилгын зураг төслийг хийх тендер шалгаруулалт удааширсны улмаас цаг алдаж, загвар төсөл гараагүй байна. Харин гүйцэтгэгчээр шалгарч эрхээ аваад буй Хатанбаатар компани урьдчилсан зургийн төслөө танилцуулав. Одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төслийг боловсруулжээ.
Үндэсний урлагийн их театр нь 4000 хүний суудалтай байхаар төлөвлөгдсөн аж. Гэрэл, дууны орчин үеийн технологийн ололт, дэвшилд тулгуурласан, үзэгчид үзмэр, үзэх, амрах, цэнгэх төрлийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангагдсан байх аж. Төслийн баг барилгын зургийг энэ онд дуусгаж, барилга угсралтыг ирэх оны 5-6 сард эхлүүлэхээр төлөвлөсөн гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний их театр барих ажлын гүйцэтгэл, зураг төсөл гаргах, загвар хийц маш хангалтгүй байна гэлээ.
Тэрбээр “Монголын төр сүүлийн 30 жил уул, уурхай ярьсан. Нэг зүйл орхигдуулсан нь соёл, урлагийн хөгжил, соён гэгээрүүлэх үйлс. Тиймээс Засгийн газраас соёл, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарч, ард иргэдээ соён гэгээрүүлэхэд ач холбогдол өгч бодлогоо хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Үндэсний урлагийн их театрын музейг барьж ашиглалтад оруулах явдал. Үүнд дарга нар маш хариуцлагатай бай. Эв нэгдэлтэй байж, эх орондоо, хойч үедээ юм хийж үлдээе. Эдгээр музей, театрыг барих газрын асуудал, зураг төслийг боловсруулах санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэж, үүрэг өгөөд жил орчим болж байхад гүйцэтгэл хийгдээгүйд дунд шатны дарга нар буруутай. Төрийн ажил удаашруулж байгаа албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Гадаад, дотоодод бэлтгэгдсэн өндөр боловсрол, мэдлэг, чадалтай боловсон хүчин, чадварлаг залуус төрийн албанд орж чадахгүй, авлига хээл хахуулийг нь өгч чадахгүй гудманд байж байна. Ажлаа хийж чадахгүй байгаа бол тэтгэвэрт гараад тэдэнд ажлаа өг. Засгийн газраас гаргасан шийдвэр биелэлээ олж байх ёстой. Элдэв шалтаг хэлсээр цаг алдаж буйд бухимдалтай байна” гэв.