УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэж, сунгахыг гишүүдийн олонх нь дэмжсэн. Тухайлбал, тус төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.
Үүний дагуу УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14.10 цагт эхэлж, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн тус Байнгын хороо санал, дүгнэлтээ гаргасан юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн 2019 оны Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сарын хугацаагаар сунгах тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн гэдгийг тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувийн саналаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.
“Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.
Тогтоолын төслийн талаар хууль санаачлагчид болон УИХ дахь намын бүлэг, зөвлөл, Байнгын хороодоос урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь намын бүлгээс 14, Ардчилсан намын зөвлөлөөс 23, УИХ-ын гишүүд, Байнгын хороодоос 62, Засгийн газраас 82, нийт давхардсан тоогоор 186 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар саналаа ирүүлсэн байна.
“Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод эхний ээлжинд хэлэлцүүлэхээр саналаа ирүүлсэн төслүүд, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасан болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийг нэр заан тусгасан хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулгадаа дурдсан.
Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд тогтоолд нэр заагаагүй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхаар тогтоолын төсөлд тусгажээ.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг УИХ-ын тогтоолоор баталсантай холбогдуулан хууль тогтоомжуудыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг судлан, холбогдох төслүүдийг боловсруулах бэлтгэлийг ханган ажиллах нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлсэн байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэлсэний дараа санал хураалт явуулахад “Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.
Уг тогтоолд 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлыг доорх байдлаар эрэмбэлжээ.
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;
- Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
- Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
- Өмгөөллийн тухай хуулийн төсөл;
- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
- Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
- Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль, УИХ-ын тогтоолын төсөл;
- Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл;
- Бусад.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн мэндчилгээг үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын ажилтнуудад хүргэлээ