Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсээс 70 сая австрали доллар хулгайлсан Хэмиш Макларенийг Австрали улсын түүхэнд “тодорсон” хамгийн зальт этгээд хэмээх болжээ. Тэрбээр одоо шүүхийн эцсийн шийдвэр хүлээн шоронд сууж байна.
Хэмиш Макларен нүдэнд дулаахан, царайлаг, ухаалаг хүн бөгөөд хүссэн хэнийхээ ч итгэлийг хүлээх чадвартай, дараа нь мөнгийг нь хулгайлахдаа хайр найргүй хандана. 48 настай Хэмиш эмэгтэйчүүдийн толгойг эргүүлж, эрчүүдийн сэтгэлд нийцэж, сайн бизнесмен, Харвардын их сургууль төгссөн, буяны сангийн захирал юм уу, өөр хэн ч болж чадна. Мөрөө баллахын тулд асар олон нууц нэр хэрэглэж, өөрт нь хоёргүй сэтгэлээр итгэсэн хүнээ сүнсгүй мэхлэн мөнгийг нь аваад алга болно.
Түүний эсрэг 18 удаагийн залилангийн хэрэг үүсгээд буй юм. Австралид 15 хүнээс найман сая шахам австрали доллар мэхэлж авснаа өнгөрсөн оны есдүгээр сард хүлээсэн байна. Тэгэхдээ энэ бол түүний үйлдсэн хэргийн ердөө “оройн хэсэг” нь гэж хуулийнхан үзэж буй аж. Тэрбээр Британи, Канад, АНУ, Хонконгод нийтдээ 70 сая австрали доллар мэхэлж авчээ. Залилуулсан хүмүүсээс нэлээд нь хэл ам хийлгүй өнгөрөхийг илүүд үзсэн ч гурван хүн өөрт нь тохиолдсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байна.
Эхнийх нь хатагтай Бек Роузен. Гурван хүүтэйгээ амьдрах болсноор нутаг сэлгэн Сиднейн дэргэд байх хөл хөдөлгөөн багатай жижиг хотод эелдэг Хэмиш Макларен гэгчтэй тааралджээ. Хэмиш ээжийг нь “эргүүлэхийн” хажуугаар хүүхдүүдтэй нь дотно болж, тэдэнд дутагдаж байсан эцгийн хайр халамж үзүүлж байлаа.
Нөхрөөсөө салаад Роузен нэлээд мөнгөтэй болсон бөгөөд чухам энэ л зальт этгээдийн анхаарлыг татсан хэрэг биз. Гайхалтай нь Макларен өнгөрсөн амьдралаа огт нуулгүй “Энэ бол миний туулсан зам, цаашдаа ийм хүн баймааргүй байна. Би чамайгаа, хүүхдүүдээ оллоо, хайраа оллоо, өнгөрсөн явдлаар минь намайг бүү цэгнэ” гэж хэлдэг байж.
2010 оны аравдугаар сард Бек, Хэмиш хоёр даруухан хурим хийлээ. Чимээ аниргүй жижигхэн хотын нэгэн хэвийн амьдрал удалгүй Хэмишийг уйдааснаас тэрбээр Сиднейд ажиллахаар эргэн ирж, аятайхан газар байртай ч болов. Эхний үед Бек хүүхдүүдтэйгээ амралтын өдрүүдэд л ирдэг байснаа тэгсгээд шилжин суурьшлаа. Бекийн бодлоор энэ айл сайхан амьдарч байлаа.
Гэвч тийм биш байсан санж. Макларен энэ үед ээлжит золиосоо эрж хайж байжээ. Нэг удаа Хэмиш гэргийгээ Нью-Йорк руу ажил хэргийн уулзалтад хамт явахгүй юу гэв. Тэгэхэд Хэмиш Маклаклан гэсэн нэр зарим баримт дээр бичсэн байхыг үзээд тэд алдаж бичиж хэмээн инээлдээд л өнгөрч. Харин энэ нь нөхрийнх нь олон хуурамч нэрийн нэг болохыг Бек хожуу мэдсэн байна.
Хэмиш ер нь өнгөрсөн гэх явдлаа ер ор тас орхилгүй, хүмүүсийг тэр дундаа өөрийг нь ч залилж мэхэлсээр явааг нь Бек сэжиглэжээ. Ажиглаад байсан чинь хүүтэй нь үерхдэг 16 настай Жейн гэдэг охинд тэр нэг л жигтэй хандаад байгаа нь анзаарагдав. Тэднийг зоогийн газарт хамт сууж байхыг нь харсан төдийгүй Хэмиш охины бөгсийг илээд авч байх нь тэр. Бас нэг удаа нөхөр нь гэртээ машинтайгаа давхиж ирээд Жейнийг хаашаа ч юм аваад явчихав гэнэ. Тэр машиныг Хэмиш нэг компанийн дилерээс өөрийнх нь нэр дээр авсныг ч Бек мэдээгүй л байв. Зоог барих, данс нээх, онгоцоор зорчихдоо бизнес ангиллын суудал ашиглах зэргээр Хэмиш гэргийнхээ мөнгөнөөс хэрэглэсээр л байжээ. Гэргийнхээ гарын үсгийг дуурайлгаж зураад 450 мянган австрали доллар зээлж авах гэж оролдоод чадаагүй аж.
Жейний дотуур өмд угаалгын машинд нь байхыг үзээд Бекийн тэвчээр барагдаж салах өргөдлөө өглөө. Ингээд “чөдөргүй” болсон, шуналд автсан Хэмиш дараагийн алхмаа хийхээр зэхэж байв. Тэр золиос нь нөхрөөсөө салсан, өрх толгойлсон Карен Лоу болж орхих нь тэр. Түүнд харин мөнгө огт байсангүй, гэхдээ Сиднейд хэдэн сая австрали доллароор үнэлэгдэх хуучин цагийн байртай байлаа.
“Түүнийг манай гэрийн гал тогооны өрөөнд анх орж ирснийг нь мартахын аргагүй, амттаны дэлгүүрт байгаа хүүхэд шиг л байж билээ” гэж Карен хожим ярьсан байдаг. Хэмишийн өнгөрсөн амьдралын талаар Карен багахан мэддэг, ээж нь аавынх нь араар тавьдаг, тиймээс жинхэнэ овог нь Уотсон биш Макларен болсон гэхээс хэтрэхгүй.
Карений байр 11 сая австрали долларын үнэтэй, гайгүй үнэ хүргэж зарахын тулд дээвэрт нь засвар хийх шаардлагатай байв. “Зовох зүйлгүй, би чамд сая доллар зээлүүлнэ” гэж Хэмиш үгээр цатгана. Засвар хийхэд тийм их мөнгө хэрэггүй, 200 мянган доллар байхад л болох байлаа. Тохьтой, бэлжүү эрийн дүрээ лавшруулах үүднээс Хэмиш 23 сая долларын үнэтэй байртай хүмүүстэй уулзахаар явахдаа Каренийг дагуулав. Тэр байрыг худалдаж авах гэж буй дүрд Хэмиш тоглосон аж.
Макларен өөрийгөө олны мэдэх нэгэн банкны хүн гэсэнд нь Карен итгэсэн тул байраа барьцаалан банкнаас их хэмжээний мөнгө зээлэх баримт дээр гарын үсгээ зурж орхив. Энэ мөнгийг сүүлд нь Хэмиш үрсэн гэдэг.
Британид үл хөдлөх хөрөнгийн салбарт брокер хийдэг Генри Хэнон гэдэг бийлэгжүү андтайгаа Карен удалгүй Хэмишийг танилцуулав. Энэ явдал Хэмишийн хувьд хувь заяаны бэлэг болж, хөрөнгө баялгийн гайхалтай шинэ ертөнц рүү мань эр алхаж орлоо. Эрчүүд хэл амаа амархан олж, хамтдаа Лондон руу явахаар болжээ.
Эзэн хааны нэрэмжит морины уралдаанд ирсэн хүмүүс Хэмишт ямар хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийг Генри анзаараатхав. Бэл бэнчинтэй хүмүүсийн өмнө нэрээ баастахгүйг Хэмиш хичээж, түүгээр ч барахгүй удам сайт хүлэг ч худалдаж авах бодол төрсөн ч банкны гуйвуулга нь саатсан байна.
Хэмиштэй харилцахдаа сэрэмж болгоомжтой байхад гэмгүй болохыг олон юм харуулж байгааг Хэнон нэг их удалгүй ойлгов. Уралдааны дараа тэд Нью-Йоркийг зориход Макларен нэгдүгээр ангиллын тасалбар авчээ. Бодвол Карений мөнгийг ашигласан биз. Урьд нь “Goldman sachs”-ын шугамаар хөрөнгө оруулалтын дэлхийд томоохонд орох банканд ажиллахаар Нью-Йоркт ирж байсны хувьд тансаг зочид буудалд байрлахыг хамт яваа хүмүүстээ тэр санал болгов.
Зочид буудлынхан “Ноён Жеймс” хэмээн Хэмишт хандах нь Генрид сэжиг төрүүлэв. Тэгээд “Goldman sachs”-т байдаг танилаараа уламжлан сураглавал тус компанид Хэмиш гэгч ажилладаггүй болох нь тодорхой болжээ. Тэр ч бүү хэл, энэ хүн ихээхэн ажил хэрэгч дүр эсгэхийг хичээвч хаана ч ажил хийдэггүй нэгэн байлаа.
Сиднейд буцаж ирмэгц Хэмиш сураггүй алга болчихов. Тэгтэл зээлийн төлбөрөө хийхийг шаардсан нэхэмжлэл Каренд банкнаас ирээд байх болжээ. Данс нь улайсныг бүсгүй удалгүй олж мэдлээ. Маш зальт аргаар мэхлүүлснээ Карен сая л ухаарав. Зальт этгээд маш чадмаг ажилласан байснаас бүх төлбөрийг нь хийж байснаа Карен дөнгөж сая л мэдлээ. Макларен түүнээс нэг сая 150 мянган австрали долларыг нь хулгайлж орхисон байна. Баян хөршүүдийн нэг нь зээлийг нь төлсний ачаар Карен орон байртайгаа үлдсэн аж. “Хамгийн муухай нь Хэмиш танай гэрт орж ирээд бүх юмыг чинь бусниулчихаад яваад өгдөг ердийн дээрэмчинтэй адилгүй. Тэр таны бүх амьдралд чинь нэвтэрч чадна” гэж Генри ярьж байна.
2016 онд Сиднейд суудаг өрх толгойлсон эмэгтэй Трейси Холл архаг зальтны замд тааралдсан байна. Макларен тэгэхэд 41 настай Макс Тавит гэдэг нэртэй болсон байв. Тэд уулзаж учрах болсон аж. Хэмиш ухаалаг, дур булаам эр юм гэж Трейсид бодогдсон байна. Эцэг, эх нь машины ослоор амь үрэгдэж, зургаан настайдаа өнчирч хоцорсон гэж ярьсан нь Трейсийн сэтгэлийг уяраав. Энэ бол Хэмишийн ярьсан сэтгэлийн утас хөндөм олон намтрын ердөө нэг нь. Үнэн хэрэгтээ түүний эцэг, эх нь Сиднейд өндөр настнуудын асрамжийн газарт байдаг байв.
2001 оны есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төв рүү хийсэн алан хядах халдлагаас арай гэж амь үлдсэн хэмээн Хэмиш бас Трейсид ярьжээ. Тэд дотно харилцаатай болж, шинэ танилаа ямар нэг байдлаар хардаж сэрдэх шалтгаан Трейсид байсангүй. Нөхөр нь дажгүй ажил хийгээд, Трейси гэрт нь тухлаад, тэд спорт оролдож, наргиан цэнгээн зохион байгуулж, сууц худалдаж авахаар ярилцаж, нэг ёсондоо амьдрал нь үлгэрийн юм шиг л сайхан байлаа. Иймэрхүү янзтай бүтэн хагас жил амьдарч байтал Хэмиш алга болчихов. Хамтран амьдрагч нь залилангийн хэргээр шоронд байгааг Трейси удалгүй мэдлээ. Тэгэхнээ Трейси хайртай хүнээсээ гадна 320 мянган австрали долларын хадгаламжаа алдсан байх нь тэр. Хуулийн байгууллагынхнаас олон жил нуугдаж, энд тэнд хэрж хэсэж явсаар Макларен эцэст нь үнэнд гүйцэгдэж торны цаана суув. Гэтэл Хэмиш Макларенийг мэхэлж чаддаг хүн Английн Мидхерст гэдэг жижиг тосгонд байсан юмсанж.
Саймон Шоуд учирсан төвөг бэрхшээл хүү нь өвдсөнтэй шууд холбоотой бөгөөд түүний зүрхэнд даруй мэс засал хийх шаардлага тулгарсан байна. Чухам тэр үед Хэмиш Максвелл гэдэг хүн аргаа барсан эцэгт аятайхан санал тавьсныг ашиглахаар шийджээ. “Тэрбээр Массачусетсийн технологийн дээд сургуульд математикийн ангид сурдаг, худалдааны систем боловсруулдаг, түүнийхээ хажуугаар “Goldman sachs”-т ажилладаг нэгэн байв. Алтан өндөг тээсэн тахиа л гэсэн үг” хэмээн Саймон ярьсан байдаг.
Саймоны хадгаламжийг арвижуулж өгөхөөр Хэмиш амлахад баяртай нь аргагүй зөвшөөрчээ. Түүгээр ч барахгүй Хэмишт хөрөнгө оруулагчдыг ч олж өгсөн аж. “Түүнтэй танилцуулсан хүмүүс маань усан толгойтой амьтад байгаагүй, өөрийн бизнестэй, зохих амжилт олсон, тэд юу ч сэжиглээгүй” гэж Саймон Шоу ярьж байна. Харин ганц Стив гэгч л муу юмны үнэр авчээ. “Санал болгосон бүхэн нь бидэнд хэтэрхий гэмээр ашигтай байсан нь намайг болгоомжлоход хүргэсэн. Тэгээд л би Хэмиш Максвеллийг сонирхон судалж эхэлсэн” гэж Стив ярьсан аж.
Хэмиш гүйлтийн тэмцээнд амжилт олсон тухайгаа байнга ярьдаг байснаас Австралид болсон холын зайн тэмцээний талаарх фотозургийг интернетээс хайж гарчээ. Тэгж байхдаа Макларен гэгчийн үйлдсэн санхүүгийн зальт явдлын тухай ихээхэн мэдээлэл олж авсан байна.
Юутай ч Стив, Саймон хоёр хөрөнгөө буцааж авахаар шийджээ. Үүний тулд тэд өөрсдөө ямар нэг хэмжээгээр мэхлэгчид болохоос аргагүйд хүрэв. Тэгээд Хэмишийг нэгэн гойд мөнгөтэй хөрөнгө оруулагчтай танилцуулах боллоо. Гэтэл хөрөнгө оруулалт үнэхээр ашигтай, мөнгийг хоёр нугалж олж авах нотолгоо Хэмишт хэрэгтэй байв. Үүний тулд Саймоны мөнгийг дансандаа хоёр нугалсан хэмжээгээр оруулж авах шаардлагатай байлаа. “Бид түүнд асар их мөнгө амласан. Аз болоход тэр зөвшөөрч, Саймоныг залилсан аргыг нь бид түүнд хэрэглэсэн юм” гэж Стив ярив.
Хэмишийн хохирогчдын олонх нь мөнгөө эргүүлж олж авч чадаагүй, олон арван сая австрали долларыг тэр юунд үрэн таран хийснийг хэн ч мэдээгүй аж. “Ийм жижиг гарын луйварчид мөнгө чамд биш өөрт нь байгааг мэдэх нь л хангалттай байдаг юм” гэж Генри Хэнон хэлсэн байна. Тэгвэл Карен “Цагдаад очиж намайг хэл, би үлдсэн амьдралаа мөнгө тэврэн наранд биеэ шарж өнгөрөөнө” гэж Хэмиш хэлдэг байсан хэмээн дурсав. Бүхий л зүрх сэтгэлээсээ хайртай байсан эр нь шуналтай хулгайч болж хувирахад хударгагүй зальт этгээд Хэмиш Макларентай тогтоосон харилцаа нь Трейси Холл, Бек Роузен нарын хувьд там болж хувирчээ…
Бэлтгэсэн: Р.Жаргалант