Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших "Ноён уул"-ыг тусгай хамгаалалтад авахдаа Дархан цаазат газар болгон ангилал ахиулахаар шийдвэрлэсэн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
Тэрбээр "Ноён уултай холбоотой асуудлаар 12 тусгай лицензын асуудал давхар яригдаж байна. Анх 1995 оны Сэлэнгэ аймгийн ИТХ-ын зургадугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад нийт 21 мянга 600 га газрыг авсан юм билээ. Хилийн заагийг тусгай хамгаалалтад авсан хэдий ч үүнээс хойш нийт 12 лиценз олгогдсон байдаг. Анх аймгийн ИТХ Ноён уулын бүс нутгийг тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргахаас нэг өдрийн өмнө 359.7 га газрыг алтны хайгуулын лиценз олгосон байна. Үүнээс хойш 1995 оны 12 дугаар сар, 1997 оны тавдугаар сар, мөн оны 11 дүгээр сар, 2000 оны наймдугаар сар, 2001 оны 6-р сар, 2004 оны 11-р сар, 2002 оны 1-р сард зэрэг 12 тусгай зөвшөөрөл олгогджээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас шадар сайдаар ахлуулсан лицензийг шалгах ажлын хэсэг Ноён ууланд олгогдсон лицензүүдэд шалгалт хийж хууль зөрчсөн асуудал байгаа эсэхийг тодруулахаар даалгасан.
Сентерра гоулд, Гацуурт, Уран, Сонгоулд, Лучеро гэсэн таван ААН дээр буй 12 лиценз бий. Гол асуудал нь 1995 онд гадна талаар нь хүрээлсэн 21600 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар хилийн бүс тогтоосон байхад лиценз давхардаж олгосон хэрэг гарсан. Иймд хууль хяналтын байгууллагад шалгуулна. Тухайлбал, энэ бүс дотор хууль зөрчин лиценз олгогдсон байх магадлалтай байгаа юм. Үүнийг шалгаж тогтооно.
Нэгдүгээрт, эхний ээлжинд Ноён уулын орчмын бүс нутгийг Дархан цаазат газрын статусаар ангилал ахиулан бүртгэж авна. Үүнтэй холбоотойгоор хууль зөрчиж, хууль бус материал бүрдүүлэн лиценз авсан бол түүнийг цуцалж гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэж, хохирлыг барагдуулах ёстой.