АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг огцруулж буйгаа өөрийн Твиттер хуудсаараа мэдэгджээ. Тэрээр шийдвэрээ Болтонтой олон зүйл дээр санал зөрөлдсөнтэй тайлбарлажээ. “Өчигдөр орой би Жон Болтонд түүний хэрэг Цагаан ордонд байхгүй болсныг мэдэгдлээ. Би засаг захиргааны бусад гишүүдийн нэгэн адил түүний олон саналтай санал нийлэхгүй байгаа тул би Жоныг албан тушаалаа орхихыг хүссэн "гэж Трамп бичжээ. Аюулгүй байдлын зөвлөхийн хэн орлохыг ерөнхийлөгч энэ сарын 15-наас хойш мэдэгдэхээ амлажээ. Харин Жон Болтон ерөнхийлөгчийнхтэй нэлээд зөрүүтэй мэдэгдлийг мөн л өөрийн Твиттер хуудсаараа хийжээ. ““Өчигдөр орой намайг огцрох өргөдлөө өгөхөд ерөнхийлөгч Трамп энэ асуудлаар маргааш ярилцъя гэж хойшлуулсан” гэж тэрээр бичсэн байна.” Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп, Болтон нар маш олон асуудлаар санал зөрөлддөг болсон тул үндэсний аюулгүй байдлын зөвлөх албан тушаалаас огцорч байгаа тухай тайлбарлажээ. Жон Болтон бол олон жилийн турш дайнч түрэмгий гадаад бодлого баримтлах талаар үе үеийн ерөнхийлөгч нарт зөвлөж ирсэн хүн юм. Өмнө нь Жорж Бушийн засаг захиргаанд ажиллаж байхдаа 2003 онд Иракийн дайныг эхлүүлэхийг хүчтэй дэмжиж анх олонд танигдсан юм. Трампын засаг захиргаанд ажиллах үеэрээ АНУ-ын Иран, ОХУ-тай харилцах харилцаанд хатуу байр суурь баримталж, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг унагах төлөвлөгөөнд идэвхтэй оролцсон аж. Өнгөрсөн зургадугаар сард Трамп хоёр Солонгосын хил дээр Ким Жон Унтай уулзахад Болтон байгаагүй бөгөөд энэ үеэр Монгол руу явсныг нь ажиглагчид түүнийг ерөнхийлөгчтэй санал зөрөлдсөний илрэл гэж шинжээчид таамаглаж байв.Хамгийн сүүлд Талибан хөдөлгөөний удирдагчидтай Афганистаны дайныг дуусгах зорилгоор Кэмп Дэвидэд уулзах Трампын төлөвлөгөөг Болтон эсэргүүцэж байсан гэнэ.