Их Британийн парламентын танхим Засгийн газрын шийдвэрээр үйл ажиллагаагаа албан ёсоор түр зогсоолоо. Ерөнхий сайд Борис Жонсон парламентын үйл ажиллагааг зогсоосон хугацааг “Brexit”-ийн гэрээг ЕХ-той хэлэлцэхэд зориулахын зэрэгцээ тус холбооноос хэлцэлгүй гарахад бэлтгэнэ гэжээ. “Парламент миний “гар хөлийг уях”-ыг оролдож буйг үл харгалзан үндэсний ашиг сонирхолд нийцсэн хэлэлцээрийг байгуулахын төлөө чармайх болно. Энэ Засгийн газар “Brexit”-ийг дахин хойшлуулахгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ. Даваа гарагийн /2019.09.09/ орой парламент Жонсоны бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах саналыг дахиад дэмжээгүй байна. Даваа гарагийн өглөө Их Британийн хатан хаан II Элизабет Их Британийн засгийн газарыг Brexit-ийн хугацааг хойшлуулахыг үүрэг болгосон парламентын хуулийн төслийг батлажээ.