Евроазийн эдийн засгийн найм дахь удаагийн форум өнөөдөр БНХАУ-ын Шэньси мужийн төв Шиань хотноо эхэллээ. 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх тус форумыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнх "Бүс ба Зам барилгын ажил: Өндөр түвшний хамтын ажиллагаа ба чанарын хөгжил" сэдвийн дор явагдаж байгаа юм.
Форумд Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргизстан, ОХУ, Пакистан, Тажикистан, Узбекистан, Монгол, Афганистан, Беларусь, Иран, Шри Ланк, Азербайжан, Армени, Камбож, Непал, Турк улсын төлөөлөгчид оролцож, санхүү, экологи, соёл, аялал жуулчлал, цаг уур, шинжлэх ухаан, технологи, боловсрол, геологийн судалгаа, цахим худалдаа, ногоон архитектур зэрэг нийт 10 асуудлыг хэлэлцэж байна.
Мөн Евро-Азийн эдийн засгийн чуулга уулзалт нь Ази, Европын улс орнуудын харилцан ойлголцлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж, Шэньси мужийн экспортод чиглэсэн эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлнэ хэмээн оролцогчид үзэж байгаа юм.