Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг төлөвлөгөөнийхөө дагуу амжилттай хийсээр байна. Одоогоор 80 хүнд элэг, 187 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгаснаа тус эмнэлгийнхэн хэллээ. 2019 он гарснаас хойш элэг солих 17, бөөр шилжүүлэх 12 дахь мэс заслаа хийсэн аж. Тэдний зургаад нь буюу амьгүй донороос хоёр хүнд элэг, дөрвөн өвчтөнд бөөр шилжүүлэн суулгажээ. Урьд нь жилд дунджаар 15 хүнд бөөр шилжүүлэн суулгадаг байсан бол сүүлийн жилүүдэд эмч нарын ур чадвар сайжирснаар эл тоо 25-д хүрсэн байна. Энэ онд 24 хүнд элэг шилжүүлэх мэс засал хийхээр төлөвлөснөө эмч нар хэлсэн. Эмчилгээний үр дүн одоогоор 89 хувьтай буюу дэлхийд өндөр үзүүлэлттэйд тооцогдох болжээ. Ташрамд дурдахад, өнөө жил 60 гаруй хүний эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээний зардалд (элэг 34, бөөр 23, ясны чөмөг зургаа) улсын төсвөөс гурван тэрбум төгрөг зарцуулж байна.