Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх “Батцагаан” цогчин дуганы нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэлэв. Тэрбээр “Монголчуудын итгэл сүсгийн орон, анхдугаар богд Өндөр гэгээнтэний шав суурийг тавьж, бүтээн босгосон “Ривугэжай Ганданшадүвлин” буюу их хүрээний “Батцагаан” цогчин дуганыг энэ цагт шинээр байгууллаа. “Батцагаан” цогчин дуган байгуулагдсан цагаасаа Монголын бурхны шашны эв эеийн бэлэгдэл, ном бүтээлийн нийтийн орон, удирдлага зохион байгуулалтын төв газар болж ирсэн уламжлалтай.
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зүгээс цогчин дуганаа дахин босгох болсон тухай төр засагт хандсан хүсэлтийн зорилго ч энэ мэт байсан бөгөөд төрийн зүгээс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж, хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурхны шашнаа дэмжих бодлого хэрэгжүүлсэн. Түүхэн соёлын өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт Гандан хүрээний “Батцагаан” дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж, хүлээлгэн өгч байна. Энэ нь Засгийн газраас Монголын ард иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг эдлэхэд тав тухтай орчин бүрдүүлсэн, тэд бүгдийн сэтгэлд нийцсэн үйл явдал болж буй юм” гэв.