УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Үндсэн хууль манай улсын эцэг хууль. Улс орны бүх амьдрал, дотоод болон гадаад бодлого үндсэн хууль дээр тулгуурлан гарч ирдэг. Иймд Монгол Улсын иргэн бүрт хамаатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд засаглалын асуудлууд, ямар асуудлыг өөрчлөн шинэчлэх ёстойгоо мэдэж авсан. Өөрчлөлтийн төсөлд онцгой анхаарч буй нэг асуудал нь Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх вэ буюу сонгуулиар бий болсон Засгийн газар эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ юм. Олон жилийн дунджаас авч үзвэл Засгийн газрын насжилт ердөө л 1.5 жил байгаа юм. Дандаа муу хүмүүс Засгийн газрыг тэргүүлээд байсан хэрэг биш. Тэгэхээр энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт нь хэт парламентаас хамааралтай Засгийн газар нь улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй байгаа нь тодорхой болоод байна. Улс төрийн тогтвортой байдал бол улсад ус агаар мэт хэрэгтэй. тэгэхээр сая санал хураалтаар асуудал дэмжигдсэнгүй. Гэхдээ боломж бол бий. Ийм учраас намын бүлэг хуралдах гэж байна.
Миний бодлоор Засгийн газар гаднаас байх хэрэгтэй. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван толгойн асуудлыг шийдвэрлэж чадаагүй, маргасан хэвээр байна. Иймд их хурлын эрх мэдлийг бага зэрэг тараагаад, Засгийн газрынхыг нэмэгдүүлбэл засаглал тогтвортой байж чадна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд танхимаа өөрөө гаднаас бүрдүүлээд асуудал гаргасан сайд нараа өөрөө хариуцлага үүрүүлдэг, аливаа асуудалд өөрөө бүрэн хариуцлагаа үүрдэг байх хэрэгтэй" гэв.