УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би ардчиллын зарчмыг ойлгохдоо өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, судалгаанд үндэслэсэн бодлоо намын бүлэг болоод УИХ-ын чуулганы хуралдаанд ойлгуулж, зөв гэдгээ баталж нотлох ёстой гэж итгэдэг. Гэхдээ "Би" гэсэн зарчмаар хандаж болохгүй, олонхын санаа зоригийг хүндэтгэх ёстой. Тийм учраас өөрийнхөө оруулж ирсэн саналыг уначихлаа гээд эсэргүүцэл үзүүлээд байх нь зохисгүй. Өчигдөр намын бүлгийн хурал тухайн саналыг дэмжихгүй гэсэн байр суурьд хүрсэн. Харин миний байр суурь арай өөр байсан. 62 гишүүний гарын үсэг цугларч байхад би Лүндээжанцан гишүүнд хандаж "Би гарын үсэг зурна. Гэхдээ Тодорхой зарчмын томёоллууд дээр санал нийлэхгүй байгаа. Үүнийг хэрхэх вэ" гэж асуухад хэлэлцүүлгийн явцын дунд шийдвэрлэж болно гэсэн хариу өгсөн. Иймд би гарын үсэг зурсан.
Ер нь одоогийн парламентын "өнгө зүс"-ийг ажаад явж байхад цаашдаа улам төгөлдөржүүлж, чадавхижуулах, шударга, хариуцлагатай, сахилгатай болгох нэн шаардлагатай байна. Парламентын үйл ажиллагаа жилээс жилд замбараагүй, УИХ-ын гишүүдийн биеэ тоох байдал гаарч байна. Уг нь УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч, муугаар хэлбэл зарц нь шүү дээ. Гэтэл өөрсдийгөө тэнгэрийн амьтан шиг бодож, юу ч хийж болно гэж бодоод байх шиг. Тэгэхээр сонгуулийг хоёр системээр хосуулж явахыг зөв гэж хараад байгаа.
Гишүүдийн тоог 108 болгоно гэдэг нь том болон жижиг мажоритар систем гээд 54, 54-өөр нь хуваагаад оруулаад ирэх юм. Ард түмнээс сонгох 54-д нь намын дарга, удирдлагууд орохгүй, харин монголы нэр төртэй, мафид оролцоогүй, уул уурханй лицензгүй, мэдлэгтэй хуульч, судлаач, эрдэмтэд байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, салбар салбарын лидерүүд ороод ирвэл тухайн салбар хурдан хугацаанд босоод ирэх боломжтой юм. Иймд 108 гэсэн тоог ард түмэнд зөв тайлбарлаад өгвөл зөв шийдэл гэж бодож байна" гэв.