ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж байгаа Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтын хүрээнд “Ази Номхон далайн бүс нутаг дахь биологийн аюулгүй байдал: Шинэ эрсдэл хийгээд боломжууд” салбар хуралдаан зохион байгуулагдлаа. Уг хуралдаанд ОХУ, Монгол, БНСВУ-ын Боловсролын болон эрүүл мэндийн сайд, дэд сайд болон бусад өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Хуралдааныг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албаны дарга хатагтай А.Ю.Попова нээж үг хэлсэн ба тэрбээр даяаршил, эдийн засгийн болон нийгмийн интеграци, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, амьдралын шинэ хэв маяг, бичил биетний хувьсал, хотжилт, үйлдвэржилт зэрэг олон хүчин зүйл эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа өнөө үед Ази, Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл хурдан солилцох туршлага хуваалцах нь эрсдэлийг даван туулахад нэн чухал болохыг онцолсон байна.
Уг хуралдаанд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, Монгол Улсын Засгийн Газраас био-аюулгүй байдлын эрсдлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар үг хэллээ. Мөн тэрээр дэлхийн даяршил, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын хөгжилтэй холбоотой хил дамнасан халдварт өвчний аюул нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд Монгол улсын ЭМЯ, ОХУ-ын хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны албаны хүн амын эрүүл мэнд, халдвар судлалын байдлыг сайжруулах чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлж талархал илэрхийлэв.
Үндсэн илтгэгчдийн илтгэлтэй холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн ба Дэд сайд Л.Бямбасүрэн хуралдаанд оролцогчдын зүгээс тавьсан асуултуудад хариулж хэлэлцүүлэгт оролцлоо.