УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 76 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.
Өчигдөр болсон нэгдсэн хуралдаанаар Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн ч санал хураалт явуулахыг түр хойшлуулсан хоёр саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Эхнийх нь Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.” гэж өөрчлөн найруулах санал байлаа.
Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм.
Түүнчлэн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.” гэсэн хэсэг Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлд нэмэх Ажлын хэсгийн санал хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувийн саналаар дэмжигдсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ өмнөх өдрийн хуралдаанаар гишүүдийн хэлсэн саналыг өнөөдрийн санал хураан шийдвэрлэсэн хоёр заалтад тусган найруулах чиглэлийг Ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороонд өглөө.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж эхлэх үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын гаргасан горимын саналын дагуу 10 гаруй багц саналыг хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм.
Эдгээр багц саналуудыг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлага гарсан гэсэн шалтгаанаар нэгдсэн хуралдаанаас завсарлага авах хүсэлтийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргасан учир нэгдсэн хуралдааныг завсарлууллаа. Хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.