Хөгжлийн банкнаас зээл аваад хугацаандаа төлөөгүй нэр бүхий зургаан компанид хариуцлага тооцох асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Эрэл" ХК, "Хөтөл" ХК, "ТОСК" ТӨҮГ, "Монгол хуурай сүү" ХК, "Капитал банк", "Күй э Си" зэрэг зургаан компанийг төрд хохирол учруулж байна гэж үзэж, прокурорын байгууллагад шилжүүлж байгааг зарлалаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярихдаа "Төрийн эрх ашиг хохирвол үүнийг хамгаалах байгууллага тодорхойгүй байна. Жишээ нь, байгаль орчинд хохирол учирвал хохирлыг барагдуулах талаар хэн ч ярьдаггүй. Төрөөс зээл аваад эргэн төлөөгүй бол хохирол тооцох талаар ер яригддаггүй, харин хувь иргэн, ААН-тэй холбоотой хохирлын асуудал яригдсаар 20 гаруй жил болжээ. Үүний цаана төрийн өмч үргүй зарцуулагдаж, нийтийн эрх ашиг хохирсоор байна" гэлээ.
Иймд тэрбээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандаж дээрх зургаан компанийн зээлийг нөхөн төлүүлэх тал дээр арга хэмжээ авахыг даалгалаа.
Мөн энэ үеэр тэрбээр "Жаст групп" ХХК-аас 40 сая ам.долларыг нөхөн төлүүлэх асуудалд прокурор оролцуулахыг хүслээ.