УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн ажлын хэсгүүдийн саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ. Үндсэн хуулийн 46.4-т "Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна" гэж өөрчлөн найруулахтай холбоотой санал, байр сууриа гишүүд илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Үндсэн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Гэхдээ хөдөлмөр эрхэлж буй хүмүүсээ төрийн алба, бус хэмээн ялгаварлан гадуурхаж болохгүй. Төрийн албанд ажиллаж буй хүмүүс бол баталгаатай, орон сууцтай, хангамжтай, 8 хувийн зээлд хамрагддаг бол бусад нь өглөөнөөс үдэш хүртэл хөдөлмөрлөөд ч амьдрал нь яг хэвээрээ. Ийм байдлаар хүмүүсийг ялгах заалт Үндсэн хуульд орохыг эсэргүүцэж байна. Хэсэг бүлэг хүмүүсийг дэмжсэн заалт оруулж болохгүй. Би төрийн албаныхныг бүгдийг нь муу гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ ирээдүйд төрийн алба улам сайжрах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Монгол төрийн алба чадамжгүй болсон нь улс төрийн намтай холбоотой. Төрийн алба гэлтгүй аливаа ажил мэргэжил эзэмшсэн хүн тодорхой шат дамжлагыг дамжиж мэргэшсэн буюу мэргэжлийн болдог.
Монгол төрийн алба чадамжгүй сул болсныг зарим хэсэг нь хуулиндаа, нөгөө хэсэг нь хүндээ байгаа гэж тайлбарладаг. Харин би үүний шалтгаан нь улс төрийн намуудад байна гэж үздэг. Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн намууд төрийн албыг бужигнуулж бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийн, албан хаагчдыг халж сольдог нь хэрээс хэтрээд байна.
Өнөөдөр төрийн албан хаагчдын төрд итгэх итгэл алдарч, идэвхи зүтгэлтэй ажиллах сэтгэлийн гал нь унтарсан. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Улстөрчид, улс төрийн намуудын буруутай үйл ажиллагаанаас болж байгаа юм. Сүүлийн хэдэн сонгуулийн үр дүнг хар. Өнөөдрийг хүртэл төрийн албанд халаа сэлгээ явагдаж байгаа. Ямар нэг шалтаг шалтгаанаар мэргэжлийн бус хүмүүс төрийн албанд очсоор байна.
Монгол төрийн дархлааг сайжруулж, мэргэшсэн төрийн албан хаагчдаа хамгаалах зорилгоор, дээр дурьдсан шударга бус үйлдлүүдийг цэгцлэхээр энэ өөрчлөлтийг оруулж ирсэн гэж ойлгож байна. Сайн засаглалтай, чанга төртэй орнуудын төрийн алба яг энэ шатлан дэвших системээр явдаг. Шатлан дэвших замаар олон жил ажилласан төрийн албан хаагч өндөр хөгжилтэй оронд сайн сургууль төгсөж ирсэн залуу мэргэжилтнээс илүү туршлага хуримтлуулсан байдаг. Дадлагажих, мэргэших нь цаг хугацааны асуудал юм.