Хүний гоо сайхан, эрүүл мэндэд онцгой үүрэгтэй эрхтэн бол шүд. Хоол, хүнсийг буталж, жижиглэхээс эхлээд царай зүсийг “өнгөлөх”, зүрх, ходоод, элэгний эрүүл мэндийг “атгах” гэхчлэн маш олон үүрэгтэй паалант цагаанууд цагийн аясаар элэгдэж, унахаас гадна эзнийхээ арчилгаанаас шалтгаалан цоорч, үрэвсэх, идээлж, буглах гээд багагүй асуудал “дагуулдаг”. Юуны түрүүнд шүдний бүрхүүл буюу паалан ховхрох, цоорох нь дэлхийн нийтийн хувьд толгойн өвчин гэж болно. Хүний бие махбодын хамгийн хатуу эд болсон эл зүйл нэгэнт эмтэрч, ховхорч, цоорсон бол нөхөн сэргэхгүй, нөгөөтээгүүр сэргээх ч боломжгүй байлаа. Үүний улмаас шүд хэмээх эрхтнээ “мордуулах” хүртлээ хүндэрдэг шүү дээ. Түүнийг бусад зүйлээр орлуулан бүрэх, нөхөөс буюу пломб тавих зэргээр л эмчилж ирсэн.
Тэгвэл ховхорсон, эмтэрсэн гээд олон шалтгаанаар гэмтсэн пааланг сэргээх боломжтой болсон, тийм технологи боловсруулсан талаараа Хятадын Жэцяны их сургуулийн эрдэмтэн Жаомин Люгээр ахлуулсан багийнхан мэдээлсэн байна. Тэрбээр “Шүдний паалангийн бүтэц маш нарийн тогтолцоотой учраас сэргээх материал гарган авах ажил амаргүй байлаа. Бид давирхай, металл хайлш, шаазан гээд төрөл бүрийн материалаар хүний шүдний пааланг орлуулахаар янз бүрээр туршиж үзсэн. Ямар ч үр дүнд хүрээгүй. Шүдний байгалийнх нь бүтцэд илүү тохирсон, пааланг орлох материал байх боломжгүй учраас өөрийг нь сэргээхийн тулд кальцийн фосфатын кластер нэгдлүүдийг нанометр хэмжээнд аваачиж, шинэ технологи боловсрууллаа. Үүний үр дүнд пааланг сэргээх арга олсон” гэж ярьжээ. Эл аргаар эмчлэх нь хямд зардалтайн дээр том талбай хамрах боломжтой аж.
ДЭМБ-ын тайланд дурдсанаар, жилд дунджаар 2.4 тэрбум хүний шүд цоорч, 486 сая хүүхдийн сүүн шүдний хучуур эд үрэвсэж, улмаар өвчилдөг байна. Хятад эрдэмтэд шинэ аргаараа амны хөндийн хэт хүчиллэг орчноос шалтгаалсан шүдний бүрхүүл буюу хучуур эдийн цоорлыг эмчилж, сэргээх туршилт хийхэд амжилттай болсон гэнэ. Ийм тохиолдолд 48 цагийн хугацаанд дээрх нэгдлүүд цоорсон пааланг 2.7 мкм болтол нь нөхөж чадсан юм байна. Эл эмчилгээг 1-2 жилийн дараа эмнэлгийн практикт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.