ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлал 13.00 цагаас эхэлнэ. Айлчлалаар найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын шинэчилсэн гэрээнд хоёр тал гарын үсэг зурах юм байна. Энэхүү суурь хэлэлцээрийн дараа 11 гэрээ, хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаагийн тав нь байгууллага хоорондын хэлэлцээр аж.
Ингэхдээ хоёр улсын дипломат харилцааг нэг шат ахиулж, Иж бүрэн стратегийн түншлэлийн статуст аваачих аж. Өөрөөр хэлбэл, Хятад улстай адил түвшинд хүргэх зорилт тавьж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн.
Түүнчлэн эрчим хүчний салбарт томоохон хэлэлцээр болно гэх таамаг бий. Тухайлбал, В.В.Путины айчлалын бүрэлдэхүүнд Эрчим хүчний сайд Александр Новак, "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин, "Интер", “Росгидро”, “Технопромэкспорт” зэрэг Оросын эрчим хүчний хэд хэдэн компанийн төлөөллүүд багтаж байгаа хэмээн "ТАСС" агентлаг онцолжээ.