УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Б.Хурцын хэрэгтэй холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "УИХ-ын гишүүдийн тоог 99 болтол нь нэмэх асуудлыг иргэдийн 80 хувь нь дэмжихгүй байгаа нь санал асуулгаар тодорхой болж байна" хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.
Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хурцын хэрэгтэй холбоотой асуудлаар ярихдаа "Шүүх хурлын талаар иргэд мэдээлэл авахыг хүсэж байна. Эрүүдэн шүүсэн хүмүүс Ц.Амгаланбаатарт санал тавьсан. Тус саналд, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүтгэвэл 500 сая төгрөг өгч, шоронгоос гаргана гэсэн. Гэвч амлалтаа биелүүлээгүй учир тэрбээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дахин гүтгэж чадахгүй хэмээн УИХ-ын гишүүдэд захидал бичсэн. Б.Хурц тэргүүтэй нөхдүүд үнэнд гүйцэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлах, хилээр нэвтрүүлэх, хадгалах, дамжин өнгөрүүлэхийг хориглох тухай заалт оруулах саналыг УИХ-д хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "2011 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улсад цөмийн хог хаягдал нэвтрүүлэхийг хоригдох талаар мэдэгдэж байсан. Харамсалтай нь тэрбээр энэ талын зарлиг огт гаргаагүй бөгөөд энэ асуудлаар сонгуулийн "пи-ар" хийсэн нь тодорхой болсон" гэлээ.