Эмийн эмчилгээний хүсээгүй үр дүнг эмийн гаж нөлөө гэдэг. Эмийн гаж нөлөөг хэлбэрээр нь:
- А тип. Эмийн үйлдлийг даган гарч ирдэг, урьдчилан мэдэх боломжтой, тунгийн хамааралтай гаж нөлөөг хэлнэ. Элбэг тохиолддог бөгөөд түүний гарах гаж нөлөөг хязгаарлах боломжтой (даралт унах, биеийн калийн дутагдал үүсэх г.м)
- В тип. Эмийн үйлдлийг дагаж гарч илрээгүй, ховор тохиолдолд илэрдэг, тунгийн хамааралгүй, хувь хүн бүрт янз бүрээр илэрдэг, урьдчилан мэдэх боломжгүй гаж нөлөө байдаг.
- С тип. Эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед гарч ирдэг
- Д тип. Эмийг ууснаас хойш удаан хугацааны дараа илэрдэг болон жирэмсэн үед эм хэрэглэхтэй холбоотой илрэх гаж нөлөө
- Е тип. Эмийг уухыг зогсоосонтой холбоотой илэрдэг.
Эмийн гаж нөлөөний шалтгаан
- Өвчтөнөөс: нас, төрөлхийн генетикийн онцлог, харшил, өвчлөмтгий байдал, хувь хүний мөн чанар ба дадал орно.
- Эмнээс: зарим эмийн гаж нөлөө эмийн үйлдэл, түүний физик химийн шинж чанартай холбоотой байдаг. Жишээлбэл дигоксин нь А типийн гаж нөлөөтэй байдаг, гэтэл нянгийн эсрэг бэлдмэлүүд /антибиотик/ харшлын урвалаар гаж нөлөө илрэх бөгөөд В типийн гаж нөлөө илэрдэг. Эмийн гол үйлчлэгч бодисоос гадна туслах бодис гаж нөлөө өгөх явдал тохиолддог байна.
- Жор бичигчээс: Эмийг удаан хугацаагаар хэрэглэхээр өвчтөнд бичсэнтэй холбоотой буюу С типийн гаж нөлөө, жирэмсний эмэнд эмзэг үед хортой үйлдэлтэй эмийг бичих буюу Д типийн гаж нөлөө, эмийг гэнэт зогсоохоос шалтгаалсан буюу Е типийн гаж нөлөө үүсч болно.