Сүрьеэ өвчний эсрэг шинэ вакцин гарган авсан нь хэрэглэхэд хялбар гэж Австралийн эрдэмтэд сүүлийн таван жилийнхээ ажлын үр дүнг тайлагнажээ. Хоёр төрлийн бодисыг нийлэгжүүлэн гарган авсан эл бэлдмэл сүрьеэгийн нянг эсэргүүцэж, дархлааны тогтолцоог дэмжих давхар үйлчилгээтэй, мөн цацаж хэрэглэдэг гээд олон давуу талтай юм байна. Мэрэгчдэд хийсэн туршилтаар үр дүн нь таамагласнаас хавьгүй сайн гарсныг тэд онцлов. Эл бүтээлийн эзэн Уорик Бриттон “Цацдаг вакцин маань бүх насныханд, ялангуяа бага насны хүүхдэд илүү үр нөлөөтэй” гэсэн байна.
Ташрамд дуулгахад, олон улсын хэмжээнд жил бүр дунджаар 1.6 сая хүн сүрьеэгийн улмаас нас бардаг, дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь эл өвчний нян тээгч байдаг талаар ДЭМБ-ын тайланд дурджээ.