Эрүүл мэндийн байгууллагууд судас олдоггүй сувилагч, оношоо мэддэггүй эмч, энэрэх сэтгэлгүй эх баригч, зургаа таньдаггүй рентгенч, шинжилгээгээ уншиж чаддаггүй лаборантаар “хахаж” байна гэвэл үгүй гээд хэлчих хүн хэд бол. Амаржихаар очсон эхийг “Төрөх болоогүй байна” гэж буцаасаар хэчнээн гэр бүлийг өнчрүүлэв. Дөнгөж төрсөн нярайг халуун усанд түлж, газар унагааж тахир дутуу болгосон нь нэг биш. Эх, хүүхдийг хоёуланг нь, эсвэл хэн нэгнийг нь хохироож байж “санаа нь амардаг” аймшигт нийгэмд бид аж төрөх боллоо. Даралт нь ихсэж, зүрх нь дэлссэн эцгийгээ үүрээд очсон нэгнийг “Манай харьяаных биш, үзэхгүй” гэж хөөж туусаар хоёр эмнэлгийн хооронд нүд аниулсан гэх явдлыг иргэд мартаагүй. Улаан бурхан, менингитийн тууралтыг ялгахгүй мэдрэлийн эмчээс болж хүний амь хохирох шахсан нь саяхан. Халуун бууруулах тариа хийж чадахгүй сувилагчаас болж нэг нас ч хүрээгүй бяцхан амь тасрах шахлаа. Энэ мэтээр эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, сэтгэлийг илтгэх муу жишээ өчнөөн.
Олон жил ажилласан мэдлэг чадвартай, сэтгэл зүтгэлтэй, дадлага туршлагатай мундаг эмч зөндөө. Олон улсад уригдаж мэс засал хийж, лекц уншдаг нь ч цөөнгүй. Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг нь Монголынх гэж бодохоор эрхгүй бахархах сэтгэл төрөх. Гэвч сүүлийн арваад жил эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, мэдлэг чадвар улам дордож, эсрэгээрээ хүнд суртал, авлига, хээл хахуульд идэгдэн, нэр хүнд нь шавар шавхайтай хутгалдах болсныг хэн хүнгүй мэднэ. Яг үнэндээ “зоосны нүхээр” хүн эмчилж, ядарсан нэгний ясыг цайтал мөлхүүлдэг цагаан нөмрөгтөн цөөнгүй болсон нь эрүүл мэндийн салбар олны аманд багтах нэг шалтгаан.
Иргэд эмч, сувилагч нарын мэдлэг чадваргүйг гайхдаг ч учир шалтгааныг нь тэр бүр сонирхдоггүй. Ямар ямар сургуулиуд боловсон хүчин бэлтгэж, эрүүл мэндийн салбарт нийлүүлж байгаа нь ч сонин биш. Ачир дээрээ анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын “гологдол бүтээгдэхүүн”-ий балгийг иргэд үүрч, төлөөсөнд нь эрүүл мэнд, амиа өгч байгаа нь гашуун боловч үнэн. Улсын хэмжээнд 94 их, дээд сургууль, коллежид 160 орчим мянган оюутан суралцаж байна. Үүнээс анагаахын сургалттай 14 их, дээд сургууль бий. Тэдний 11 нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн оны сүүлчээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг улсын болон хувийн хэвшлийн анагаахын сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан. Анагаахын сургуулиудыг онцлох болсон шалтгааныг одоо тодруулъя.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс эрүүл мэндийн байгууллагад мэргэжилтэн бэлтгэн, нийлүүлдэг их, дээд сургуулиудын чанар, орчин нөхцөлийг шалгахыг МХЕГ-т үүрэгджээ. Үүний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар өнгөрсөн оны аравдугаар сард сургуулиудад гэнэтийн шалгалт хийсэн юм байна. Тус газрын боловсролын хяналтын улсын байцаагч А.Танан-Эрдэнэ тухайн үед шалгалтын дүнг нэгтгэж, холбогдох газруудад уламжилжээ. Түүнээс энэ талаар тодруулахад “Анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 11 сургуулийг бид шалгасан. Зөвхөн боловсролынх бус эмчилгээний, эрүүл ахуй, хөдөлмөрийн хяналтын байцаагч нар ажилласан юм. Тухайн сургуульд мэргэжлийн, цагийн, гэрээт багш байгаа, эсэхийг, улсын эмнэлэгт давхар ажилладаг, хувийн эмнэлэгтэй, үгүйг нь хөдөлмөрийн хяналтын байцаагч шалгасан. Боловсролын хяналтын байцаагч сургуулийн орчин нөхцөл, дадлагын газар, мэргэжлийн багшийн хүрэлцээ, нэг багшид ногдох оюутны тоо тусгай зөвшөөрөл нь хүчинтэй, эсэхийг хянах жишээтэй. Харин эмчилгээний хяналтын байцаагч тухайн мэргэжлийн хичээлийг нарийн мэргэшсэн багш зааж буй, эсэхийг тодруулсан. Тухайлбал, нүд судлалын хичээлийг хүний их эмч заах бол заавал нүдний нарийн мэргэжил эзэмшсэн байх ёстой. Энэ бүхнийг харгалзаж, сургуулиудын орчин нөхцөлөөс эхлээд хичээлийн агуулга, багшийн ур чадвар зэргийг үнэлсэн дүнгээ МХЕГ-т хүргүүлсэн. Тэд ҮАБЗ-д бодит байдлыг танилцуулснаар БСШУСЯ-наас ажлыг хэсэг томилж, зарим зөрчил дутагдлыг арилгуулсан” гэж ярилаа.
Дээд сургуулийн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрлийг БСШУСЯ олгодог. А.Танан-Эрдэнэ байцаагч АШУҮИС-иас томоохон зөрчил илрүүлсэн нь үүнтэй холбоотой. Тус сургуулийнхан Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Гэсэн хэрнээ уг гэрчилгээгээрээ Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар сургуулийнхаа үйл ажиллагааг давхар явуулж байжээ. Тодруулбал, Улаанбаатарт олгосон тусгай зөвшөөрлийг орон нутагт ашигласан гэсэн үг. Хуулиар энэ нь мэдээж хориотой. Тиймээс тухайн орон нутгийн захиргаанаас нь тусгай зөвшөөрөл авах шаардлага хүргүүлсэн байна. Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн, эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, Ази, Номхон далайн баруун бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болох эрхэм зорилготой АШУҮИС бусдадаа ийм муу үлгэр үзүүлж болох уу.
Түүгээр ч зогсохгүй мэргэжлийн хяналтын байцаагч нар Сувилахуйн сургуульд нь зөрчлийн хэрэг үүсгэсэн юм байна. МСҮТ, политехникийн коллежид сургалт явуулах зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) олгодог аж. Сувилахуйн сургуулийнхан үүний дагуу тус яамнаас сургалт явуулах эрх авсан ч дараах зөрчил гаргав. Тэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөнтэй гэрээ байгуулж, туслах сувилагч бэлтгэх хугацааг гурван сар болгосныг шалгалтаар илрүүлжээ. А.Танан-Эрдэнэ “ХНХЯ-ныхны тусгай зөвшөөрлийн дагуу туслах сувилагчийг жилийн хугацаанд бэлдэх ёстой. Гэтэл Сувилахуйн сургуулийн туслах сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гурван мэргэжилтэн боловсруулж, баталсан. Үүний дагуу элсэгчдийг гурван сарын хугацаанд сургасан байна. Энэ бол ноцтой зөрчил. Эрүүл мэндийн сайд сувилагчийн тоог нэмэгдүүлэхийн тулд таваас доошгүй жил ажилласан эмнэлгийн ажилтнуудыг туслах сувилагчаар сурган, төлбөрийг төрөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл Сувилахуйн сургуулийн туслах сувилагчаар суралцагчдын регистрийн дугаарыг шалгахад 19 настай хүүхэд хүртэл байсан. Эрүүл мэндийн байгууллагад таван жил битгий хэл, огт ажиллаагүй хүмүүсийг богино хугацаанд сургах нэрээр төлбөрийг нь төрөөс гаргуулжээ. Өөрөөр хэлбэл, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зөвшөөрөлгүй, сургалтын төлөвлөгөөг зохих газраар нь хянуулаагүй байсан нь зөрчлийн хэрэг үүсгэх хангалттай баримт. Тэгээд ч улсын мөнгийг буцааж төлөх хэрэгтэй” гэсэн юм.
Үүнээс гадна анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг улсын болон хувийн хэвшлийн сургуулиудад мэргэжлийн багш дутмаг, дадлага хийх орчин нөхцөл бүрдээгүй байхад дээд байгууллагууд нь сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгосон нь асуудал үүсгэж байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэлсэн. Анагаахын сургуулийн оюутнууд, ялангуяа хүний их эмчээр суралцагч нар хүний анатомын бүтэц, шарилтай ч танилцаж чадахгүй төгсөж байгаа аж. Туслах сувилагч нь гурван сарын сургалтад суусан болоод сертификат авдаг гэхээр орчин үеийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар ямар байх нь ойлгомжтой биз ээ.
МХЕГ-ынхан БСШУСЯ-ны холбогдох мэргэжлийн хүмүүс анагаахын сургуулиудад хэрхэн, ямар шалгуураар тусгай зөвшөөрөл олгож буйг шалгасан юм билээ. Тэгэхэд хууль, ёс журмынхаа дагуу ажилладаггүйг илтгэх хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, “Их засаг” их сургуулийнхан хүний их эмч бэлтгэх хүсэлт тус яаманд гаргахад тухайн сургууль уг мэргэжилтнийг бэлтгэх боломжтой, эсэхийг ажлын хэсэг томилон шалгуулжээ. Тэгэхэд сургалт явуулах орчин нөхцөл хангалтгүй, дадлага хийх газаргүй байхад нь тусгай зөвшөөрөл олгосон аж. Монголын үндэсний их сургууль сургалт явуулах шаардлагатай үзүүлэн, сургалтын материал, орчин дутмаг байхад нь мөн л үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. “Тусгай зөвшөөрөл олгогч дээд байгууллага нь ёс журмынхаа дагуу ажилладаггүй. Ажлын хэсгийнхэн нь холбогдох дүрэм, стандартад тавих шаардлагад нийцэхгүй гэсээр байхад зөвшөөрөл олгосоор байгаа нь завхрал” гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар халаглана лээ.
Хүний амь сахин хамгаалах өндөр хариуцлагатай эмч, мэргэжилтэн бэлтгэхэд сургуулиудад сургалтын чанартай хөтөлбөр, багшийн ур чадвар, суралцах орчин нэн чухал. Дээрх шалгалтын дараа БСШУСЯ-наас томилсон баг анагаахын сургуулиудад ажиллаж, мэргэжлийн байгууллагынхны албан шаардлагын дагуу зөрчил дутагдлыг нь арилгуулсан ч өнгөрсөн хугацаанд тийм орчин нөхцөлд бэлтгэгдсэн эмч, сувилагч өнөөдөр бидэнд үйлчилж байгаа гэж бодохоор хэртхийх. Түүгээр ч үл барам АШУҮИС-иас эхлээд бусад сургууль элсэгчдийнхээ босго оноог 400-гаар тогтоож байна. 800 оноо авах ёстойгоос 50 хувийн буюу муу дүнтэй хүүхдүүдийг эмч, сувилагч болгож байгаа нь эмгэнэл. Эсрэгээрээ хүний алтан амь аврах нэр төртэй, онцгой мэргэжил эзэмшигчийг хамгийн өндөр оноотойгоос нь сонгох сон.