Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Улсын Их Хурал төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг хууль санаачлагчийг оролцуулан байгуулж болно.” гэж заасны дагуу Улсын Их Хурал 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газраас дээрх зарчим болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.6-д заасныг хэрэгжүүлэх хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд зарлан мэдээлэх, төслийг нийтэлж санал авах, дүнг нэгтгэн боловсруулах, танилцуулга, санал дүгнэлт гаргах үйл ажиллагааг 2019 оны 6-р сарын 19-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хугацаанд Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж мэдээллээр хангах, санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр дүнг эцэслэн гаргахад Улсын Их Хурлын 69 гишүүн 18 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллан 40930 иргэнд мэдээлэл хүргэж, санал авсан байна. Иргэдийн дунд хийсэн уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон нийт иргэдийн 82 хувь нь гишүүдээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжжээ. Иргэдээс ирүүлсэн дэмжсэн болон дэмжээгүй саналын хувийг төсөлд тусгагдсан 5 бүлэг, 48 зүйл, хэсэг, заалт тус бүрээр нэг бүрчлэн гаргахад 55-аас дээш хувиар дэмжсэн байна.
Харин өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж байна.