Хоёр өдөр алгуурлаж, гурван ч удаа товлосон цагаа хойшлуулсны эцэст УИХ-ын нэгдсэн чуулган ямартай ч хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүллээ. Гэвч олон жил ярьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг гүйцээж, гажуудсан бүхний шалтгаанаар тодорсон засаглалын хямрал, эрх мэдлийн буруу хуваарилалтыг засаж, залруулан, цэгцэнд нь оруулах нь гэсэн итгэл найдвар алсарсаар байна.
32, 33-ЫН БҮЛГИЙН ХАГАРАЛ ТӨРИЙГ ХЯМРАЛД ХҮРГЭХ ВИЙ
Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар ч саадгүй баталж чадах хүч хэмээгдэж, итгэл найдвар төрүүлж байсан олонхын бүлэг дотор хагарал дахин “амилсан”, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд аль нэг сөрөг хүчин бус, эрх баригчид өөрсдөө, тодруулбал, 32-ын бүлгийнхэн буюу УИХ-ын дарга асан М.Энхболдын талыг баримтлагчид саад хийх эгзэгтэй нөхцөл байдал үүсээд буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Огтхон ч тийм асуудал байхгүй. Зөвшилцөх ажил дуусаагүй учраас л манай бүлэг хуралдахгүй байгаа юм. Зөвшилцөл дуусангуут бид ирцээ бүрдүүлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө хэлэлцээд явахад бэлэн” гэсэн утгатай хариулт өгч байв.
Харин сүүлийн гурван өдрийн үйл явдал, үүсээд буй нөхцөл байдал, УИХ дахь МАН-ын бүлгийн уур амьсгалыг тодорхой болгоод өглөө. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж буй 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлаарх зөвшилцөл тодорхой шийдэлд хүрсэн гэж эрх баригчид мэдээлсэн. УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар байр сууриа нэгтгэсэн хэмээж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэн, шийдвэрлэх гэх мэтээр шат дамжлагаараа явж байсан ажил УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үүдэнд “Ирц бүрдээгүй” гэх шалтгаар хоёр хоног гацав. Үнэндээ энэ бол инээдэмтэй шалтаг билээ.
УИХ-д 65 суудалтай олонхын мөрийн хөтөлбөртөө тусгасан, гурван жилийн турш ярьж, хэлэлцэж, боловсруулсан, бүрэн эрхийнхээ хугацаанд хууль тогтоох чиглэлд хийж буй хамгийн том ажил нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй ажлын хэсгийнхний боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд парламент дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний 62 нь (УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн нар төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, гарын үсэг зураагүй) гарын үсэг зураад, өргөн барьсан. Өөрөөр хэлбэл 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжсэн гэсэн үг.
Улс орны хувьд ч, эрх баригч хүчний нэр сүрээ бодсон ч ийм чухал төслийг ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаар хэлэлцэж чадахгүй суух нь эмгэнэл биш гэж үү. Ичихээсээ нэгэнт өнгөрсөн олонхын хагарал улс төрийн хямралын эхлэлийг тавих вий.
ХЭН НЭГНИЙ ШУДАРГА БУСААР АВСАН ЛИЦЕНЗИЙГ ҮНДСЭН ХУУЛИАС ДЭЭГҮҮР ТАВЬДАГ ГИШҮҮДТЭЙ ГЭЖ ҮҮ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Цагаан суваргын ордын асуудлаас болоод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт огт оролцохгүй байгаа бол Б.Чойжилсүрэн Тост, Тосон бумбын орчим дахь тусгай зөвшөөрлийг нь цуцалсан намынхаа удирдлагад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд нь саад хийж чадах тухайгаа цухуйлгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Ирцийн бойкот хийсэн гишүүдийн нэрсийг харахад түүний сүрдүүлэг оргүй зүйл биш болох нь тодорхой болно.
Мягмар гарагт 54 гишүүн ирцээ бүртгүүлж, УИХ-ын дарга гишүүдийг хуралдаандаа ирэхийг хэдэн цагийн турш урьж суухад Н.Амарзаяа, Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Н.Номтойбаяр, Ч.Улаан, Б.Жавхлан зэрэг гишүүд ямар нэг шалтгаангүйгээр “сураггүй болсон”. Тэдний олонх нь 32-ын бүлгийнх, зарим нь Б.Чойжилсүрэнгээс эдийн засгийн хувьд хараат байдаг гэсэн мэдээлэл ч гарч байсныг уншигчид санаж буй биз.
Уг нь төслийг, тодорхой асуудлыг дэмжихгүй байгаа бол түүнийгээ засаж, сайжруулах, бүр болохгүй бол эсэргүүцэж буй шалтгаанаа хэлж, бусдадаа нөлөөлөн “унагах” гээд олон боломж гишүүдийн гарт бий. Гэтэл хамгийн идэвхгүй, сөрөг үр дүнд хүргэж мэдэх, ирцээр бойкотлох аргыг хэрэглэж буй нь тэднийг “Хэн нэгний лицензийг Үндсэн хуулиас дээгүүр тавьж байна” хэмээн хардахад хүргэж байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын явц одоогоор иймэрхүү агаартай байна.
Гурван өдөр гуйж гувшиж байж арай хийж 60 хүн цуглуулан, нэгдсэн чуулганаа хуралдууллаа. Ажил дөнгөж эхлээд, асуулт, хариултын шатандаа өчигдрийн хуралдаан өндөрлөсөн. Цаашид төслийн зүйл, заалт, зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хурааж, 57-гоос дээш гишүүн дэмжсэн нь дараагийн хэлэлцүүлэгт орох “виз авна”. Энэ янзаараа, ирц бүрддэггүй байдлаараа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын ирээдүй тун бүрхэг болох нь.
Хэн нэгний шударга бусаар өөрийн болгосон лицензийг Үндсэн хуулиас дээгүүр тавьдаг, хэн нэгний үгээр “Эцэг хууль”-аа хэлэлцэж, батлах бүрэн эрхээсээ татгалздаг УИХ-ын гишүүдтэй юү гэдгийг ирэх өдрүүд харуулах биз.
ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД ЮУ ХИЙСЭН БЭ
Ингэж асуухад олигтой хариулт олдох нь уу, эрхэм гишүүд ээ. Энэ парламент, үнэмлэхүй олонх бандаашны хэрэг, базаахгүй хэрүүлээр л өдөр, хоногийг өнгөрөөснөөс биш, гялайж, гялтайх ажил цөөхөнтэй шиг бүрэн эрхийнхээ хугацааны төгсгөл рүү очиж яваа шүү дээ. Яг үнэндээ 2016-2020 оны парламентын хувьд нүүр тахлах ганц ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт болж, түүхэнд бичигдэхээр байгаа.
Эрх баригч хүчин хууль тогтоох чиглэлд энэ дөрвөн жилд хийх ёстой хамгийн том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдгийг дахин сануулъя. 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн зааснаас гадна шилжилтийн үеийн Үндсэн хуулиа сайжруулах, өнгөрсөн хугацаанд холилдож, бантагнасан төрийн тогтолцоог засах зайлшгүй шаардлага байна гэж улстөрчид, эрдэмтэн, судлаачид бүх түвшиндээ санал нэгдээд буй учраас ингэж хэлж байгаа юм.
Гэтэл УИХ дахь олонхын бүлгийн зарим гишүүн өөрсдийн санаачлан эхлүүлж, гурван жил шахам хугацаа, олон хүний хүч хөдөлмөр зарцуулан бэлэн болгосон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлдөө хүнийрхүү хандаж, “Ингэвэл би сонгогдож чадахгүй, тойроггүй үлдэнэ, жагсаалтын эхэнд бичигдэхгүй. Манай талын нөхөрт ингэж хандсан учир тэдний санаачилж, эхлүүлсэн ажлыг дэмжихгүй” гэх мэтийн тулга тойрсон явцуу бодлоор асуудалд хандаж буй нь харамсалтай. Өнгөрсөн дөрвөн жилд юу хийж амжуулсан, ямархуу нэр хүндтэй парламентын эд эс, эрэг шураг болсон, хэр ажил хэрэгч байснаа эргэн нэг санаарай даа, гишүүд ээ. Магадгүй, нэрээ цэвэрлэх сүүлчийн боломж чинь Үндсэн хуулийн өөрчлөлт ч юм бил үү. Олигтойхон хийвэл шүү дээ.