Сонгинохайрхан дүүргийн XIII хороонд 200 гаруй хүний ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав өчигдөр тавилаа. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар уг барилгыг барихаар болж, гүйцэтгэгчээр нь “Хөх бүрдний эх” ХХК-ийнхан ажиллах юм байна. Тус дүүрэгт нийслэлийн хүн амын дөрөвний нэг нь оршин суудаг. Гэвч иргэдэд үйлчлэх эрүүл мэндийн байгууллага дутмагаас болж өөр дүүргийн эмнэлэгт, эсвэл өндөр төлбөртэй хувийн эмнэлгүүдэд хандах шаардлага Сонгинохайрханы хүн амд тулгардаг аж. Өдгөө тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн ашиглаж буй барилга нь хуучин тогтолцооны үед “Залуучууд” зочид буудал байсан аж. Иргэд нэлээд тэмцэл өрнүүлж байж эл зочид буудлын барилгыг 170-аад хүн хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн зориулалтаар ашиглах болсон гэдэг. Дүүргийнхээ эмнэлэгт дараалал бичүүлээд сарын дараа эмчид үзүүлдгээс тэндэхийн ачаалал ямар байгааг мэдэж болно. Харин эмнэлгийн өргөтгөлийг барьснаар иргэд орчин үеийн стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжийн тусламжтай эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжав оролцож “Эрүүл мэндийн энэ төв нь 200 гаруй ор, Мэс заслын, Яаралтай тусламжийн тасагтай, Эх барих, эмэгтэйчүүдийн эмчилгээг дүүрэгтээ хийх боломж бүрдүүлсэн, иж бүрэн, шинэ дэвшилт тоног төхөөрөмжтэй байхаар төлөвлөж, зураг төслийг нь хийсэн. Иргэдийн сүүлийн 20 гаруй жил хүсэн хүлээж байсан асуудал өдгөө биеллээ олоход ойртож байна” гэв. Харин тус Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа “Манай эмнэлгийн эмч, сувилагч нар иргэддээ шуурхай үйлчлэхийн тулд ачааллаа умартан ажилласаар ирсэн. Эмнэлгийн шинэ байр барьснаар бидний ажлын ачааллыг 30 гаруй хувиар бууруулж, дүүргийнхээ хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай үзүүлэх боломж бүрдэнэ. Гэхдээ олон улсын стандартын дагуу ажиллана гэвэл дүүргийн хэмжээнд дахин хоёроос дээш эмнэлэг барих ёстой болно” гэлээ.
Бэлтгэсэн: М.Номинчимэг