УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Нэгдүгээрт, гишүүд хариуцлагатай баймаар байна. Өчигдөр хуралдаж чадаагүй, өнөөдөр мөн үдээс хойш арай гэж хуралдаж байна. Өчнөөн төгрөгөөр авсан тоног төхөөрөмж нь ч ажиллахгүй юм. Энэ асуудлаа шийдэж өг.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн төслийг нэлээдгүй зөвшилцсөний үндсэн дээр хэлэлцэх ёстой. АН-ын зөвлөл болоод Ерөнхийлөгчийн санал орж ирээгүй байна. Ард түмний санал асуулга явуулах тал дээр бат байр суурьтай байгаа. Мөн хэл ам дагуулаад байгаа дордуулсан долоон өөрчлөлтийн санал дээр би нэгдсэн байр суурийг баримталж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 108 гэдэг тоон дээр маргалдаад, сүүлдээ тооны наймаа хийдэг болж. 76, 108 гэж маргалдаад дундуур нь 99 гэдэг тоог ч оруулаад ирлээ. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох үндэслэл нь юу вэ. Тайлбарлаж өгөхгүй юу?
Дээрээс нь Үндсэн хуулийг хэлэлцэж байхад 75 гишүүн 100 хувь байх ёстой. Уг нь УИХ-ын гишүүд бүгд хариуцлагатай байж чадах юм бол дэлхийн жишгийг дагаад 108 болгоход асуудал байхгүй байх. 76 гишүүн зарим үед асуудал хэлэлцэхэд цөөддөг тал бий.
ЕТГ-ын дарга З.Энхболд: 108 гэсэн тооны учрыг хэлэлцүүлгийн үеэр тайлбарласан. Гишүүдийн тоог нэмэхээс өөр аргагүй болсон. Учир нь 1992 оны Үндсэн хууль батлагдах үед Монгол Улсын хүн ам 2 сая 150 мянга байсан бол одоо 3 сая 238 мянгад хүрсэн. 1 сая 80 мянган хүнээр өссөн. Нэг гишүүний эрх мэдэл хүн ам өсөх хэрээр өсөөд буй. Үүнийг 1992 оныхтой харьцуулаад пропорцоор нь бодоод үзэхээр 114 гэсэн тоо арч ирж байгаа юм. Дэлхийн жишигт хэт их болон бага хүн амтай улсуудыг хасаад үзэхээр ерөнхийдөө ийм зарчим гарч байна. Олон шалтгааны улмаас гишүүдийн тоог нэмж байгааг ойлгоорой. Тэрнээс биш зүгээр дээшээ харж хэвтэж байгаад нэмээгүй юм шүү.
Яагаад 114 болон 144 биш заавал 108 болгох гэж байгаа нь энэ жил тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой болж байгаа учраас тэр юм. 76 гишүүнээс 76 санал гарна. Иймд гишүүдийн тоог өөрчлөх тал дээр тэд санал гаргаж болохгүй учир Ерөнхийлөгч 108 гэж санал болгож байна. Ерөнхийдөө нэг гишүүний эрх мэдлийг бууруулж 1992 оны түвшинд аваачихын тулд 108 болгож байгаа юм