ОХУ-д айлчилж байгаа Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр /2019.08.27/ Владимир Путины хамт Москва хотын ойролцоо нээгдсэн агаарын техникийн “МАКС-2019” үзэсгэлэнг үзэж сонирхжээ. Үзэсгэлэнд Оросын хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоц Су-57 загвар тавигдсан байв. Шинэ онгоцыг Туркийн Ерөнхийлөгч ихээр сонирхож нарийвчлан үзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгчөөс уг онгоцыг худалдаж авах боломжийг сонирхсон бөгөөд Путин зөвшөөрсөн хариу өгсөн ажээ. Хамгийн сүүлд Турк улс ОХУ-аас агаарын хамгаалалтын С-400 пуужин худалдаж авсан билээ. Үүнийх нь төлөө АНУ эдийн засгийн хориг тавина хэмээн Анкараг сүрдүүлсэн бөгөөд тус улсад F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх гэж байсан төслөө зогсоосон юм.