Дэлхийн экологийн чухал ач холбогдол бүхий Амазоны ширэнгэ ойн 950,000 гектар талбай үнсэн нурам болоод байна. Энэ ойн түймрийг Бразил улс дийлэхгүй байгаа талаар хэвлэлүүд бичсээр, гасалсаар байгаа. Саяхан Францын Баррица хоод болж өнгөрсөн “Их 7”-ийн уулзалтаар Амазоныг аврахад зориулж 20 сая ам. долларын тусламж үзүүлэх болсон тухай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдсэн билээ. Тэгвэл Бразилын засгийн газар уг тусламжаас татгалзаж байгаагаа өчигдөр /2019.08.27/мэдэгджээ. Энэ тухай Бразилын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч Оникс Лорензони хэвлэлийнхэнд ярьсан байна. “Тусламж санал болгосонд бид талархаж байна. Энэ мөнгө Европ тивийг дахин ойжуулахад хэрэг болох байх. Макрон хүн төрөлхтний соёлын өв болсон сүмээ мэдсээр байж хамгаалж чадаагүй байж манай улсад заах гэлээ” гэж түүний хэлснийг G1 мэдээллийн сайт иш татжээ. Лорензони өнгөрсөн дөрөвдүгээр сард шатсан Парисын Нотр Дам сүмийг хэлж буй бололтой. Тэрээр цааш нь хэлэхдээ “Макронд өөрийн улсдаа мөн Францын колоничилсон улс оронд хийх ажил мундахгүй их байгаа” гэжээ. Өмнө нь Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Бразилын ерөнхийлөгчийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа биелүүлэхгүй байгаа хэмээн зэмлэсэн мэдэгдэлд Жайр Болсонару ийнхүү Мароныг хариу шүүмжилсэн бололтой.