УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж, шийдвэрлэсэн. Хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналыг УИХ дахь МАН-ын бүлгээр дахин ярилцаж нягтлах, зөвшилцөх шаардлагатай болсон учраас байнгын хорооны хуралдааныг өчигдөр үргэлжлүүлэв.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын саналаар Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “төрийн өмч” гэснийг “төрийн нийтийн өмч” хэмээн өөрчлөхөөр болов. Энэ санал дэмжигдсэнээр Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байхаар томьёологдож байгаа юм.
Байнгын хороо өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад төслийн нэгдүгээр зүйлийн зургаа дахь заалтыг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгоно. Үүний нэгийг Засгийн газар, хоёрыг УИХ-ын холбогдох байнгын хороо, хоёрыг мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж, УИХ томилгооны сонсгол хийн, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.
Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгох, томилох журмыг хуулиар тогтооно” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах саналын томьёоллыг ярилцаад, зөвшилцлийн ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүртэл түр хойшлуулаад байсан. Энэ саналыг намын бүлгээр ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр төслийн гуравдугаар зүйлийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.
Мөн төслийн хоёрдугаар зүйлд “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн агуулгатай өгүүлбэрийг нэмэхээр тогтлоо. Түүнчлэн төрийн албаны зарчим, үйл ажиллагаатай холбоотой төслийн нэгдүгээр зүйлийн тав дахь заалтыг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд хараат бусаар ажиллана. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар болсон.
Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хийж дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулав.
Дашрамд дуулгахад, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөөд буй. Тодруулбал, өнөөдөр болон маргааш УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эцэслэхээр хэлэлцэх асуудлын дараалалд тусгасан байна.
УИХ-ын ээлжит бус чуулганыг 10 хоногоор сунгаж магадгүй
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 1-нд хаах товтой тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт багтаан дуусгахаар шахаж буй. Үлдсэн цөөхөн хоногийн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж амжихгүй бол ээлжит бус чуулганыг 10 хоногоор сунгахаар төлөвлөж буй аж.
Ээлжит бус чуулган зарлахдаа “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайлан, үүнтэй холбогдуулан УИХ-аас гаргах шийдвэр, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай, УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай зэрэг 14 асуудал хэлэлцэхээр тогтоосон ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс бусдыг нь хэлэлцээгүй байгаа юм.
Бэлтгэсэн: А.Амина