Монголчууд хоол боловсруулах замын хорт хавдрын өвчлөл болон эл шалтгааны улмаас нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ оношилгоо, эмчилгээ муу, эмч, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж тааруудаа улаан хоолой, ходоод, гэдэсний хорт хавдрыг “давраагаад” байгаа юм биш. Үүний учир шалтгаан нь монгол хүмүүсийн амьдрал, ахуйн хэв маяг, уламжлалт хоол, хүнсний хэрэглээ, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг, мэдээлэл болон нийгмийн чанар дулимаг байгаа зэрэг олон зүйлтэй холбоотой. Тиймээс л хоол боловсруулах замын хорт хавдрын гол шалтгааныг баттай тогтоох нь чухал гэдгийг ХСҮТ-ийнхөн болон гадаадын эмч нар зөвлөж, үүний тулд багагүй судалгаа хийсээр буй. Монголын Хавдрын эмнэлгийн эмч нарын мэдлэг, чадвар аль ч улсад гологдохооргүй болсон, дэвшилт техник, технологийг чамлахааргүй нэвтрүүлж байгаагийн хүчинд сүүлийн үед эл төрлийн хорт хавдрыг бас ч гэж эрт илрүүлэн, эмчилж, үр дүнд хүрч байгааг заавал дурдах ёстой.
Чухам ямар арга хэмжээнүүд авч байгааг нэгбүрчлэн тоочих боломжгүй бөгөөд хамгийн сүүлийн нэгийг нь онцлоход Улаанбаатарт өнгөрсөн баасан, бямба гарагт зохион байгуулсан олон улсын “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээний менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт хурал юм. ХСҮТ, Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг, Японы Накаяамагийн Хавдар судлалын төв хамтран 11 жил дараалан бүх төрлийн хорт хавдрын өвчлөлийн талаар ийнхүү хуралдан, зөвлөлдөж, туршлагаасаа хуваалцсаар ирсэн. Ингэхдээ жил бүр өөр өөр эрхтэн, байрлалын хавдрын талаар хэлэлцдэг бөгөөд энэ жил XI хурлаараа хоол боловсруулах эрхтнийхийг онцолсон нь энэ. Өнгөрсөн болон өнөө жил эл арга хэмжээг Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгууллаа. Хуралд Япон Улсын нэр хүндтэй 25 эрдэмтэн, эмч оролцож, илтгэл тавьсан. Мөн Хятадаас таван эмч ирж, мэдлэг, туршлагаасаа хуваалцав.
Өмнөх жилүүдэд манай эмч нар Япон, БНСУ-ын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран элэг шилжүүлэн суулгах, Монголд хийхэд хүндрэлтэй зэрэг том, өргөн цараатай мэс заслуудыг хийж байсан бол энэ удаа ХСҮТ-ийнхөн монгол эмч нараа онол, практикийн сургалтад биечлэн оролцуулсан нь онцлог байлаа. Мэргэжилтнүүдийн тодорхойлсноор, гардан үйлдэх сургалт явуулж, элэг, нойр булчирхай, ходоод, бүдүүн гэдэс, улаан хоолойн хавдрын хагалгаанд нийслэл, зарим аймгийн эмч нар болон резидентүүдийг оролцуулав. Тэд таван төрлийн хагалгаанаас хүссэнээ сонгон, 1-3 дугаар туслах эмчээр ажилласан.
Тодруулбал, “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээний менежментийн орчин үеийн чиг хандлага” хурлын хүрээнд өнгөрсөн баасан гарагт ХСҮТ-д болсон, онол, практикийн сургалт, мэс заслыг тус эмнэлгийн Я.Эрдэнэ-Очир, Б.Ганзориг, Ч.Сарантулга, Г.Үнэнбат, Б.Мөнхдэлгэр нар ахалж, Дорнод, Сэлэнгэ аймаг, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, “Интермед”, “Мөнгөн гүүр”, Улсын хоёрдугаар болон Төмөр замын төв эмнэлэг, АШУҮИС-ийн 24 эмч туслахаар оролцсон юм. Туслахаар ажилласан олон эмчийн хувьд хавдрын хагалгаанд анх удаа биечлэн оролцсон юм билээ. Жишээ нь, Сэлэнгэ аймгаас ирж, элэгний зүүн дэлбэн тайрах хагалгаанд оролцсон О.Эрдэнэбулган эл сургалт орон нутгийн эмч нарт өгөөжтэй болсныг онцоллоо.
XI хурлын ерөнхий зохион байгуулагч, ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч, тус төвийн элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Р.Мөнхбатад энэ ташрамд талархал илэрхийлье. Тэрбээр хэвлэл мэдээллийнхнийг гардан үйлдэх буюу ажлын байран дахь сургалтын үйл явцтай танилцуулахад шуурхай “үйлчилж”, хөтөч хийсэн юм. Цаашид Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулахад орон нутгийн болон бусад эмнэлэгт хавдрын тодорхой тохиолдлуудын хагалгаа хийдэг болохоор зорьж буй бөгөөд үүний хүрээнд энэ мэт сургалт зохион байгуулж, хамтран ажиллаж байгааг тэрбээр онцлоод “Энэ удаагийн хуралд Японы алдартай, том эрдэмтэд олноор ирж илтгэл тавих нь бас онцлог, чухал үйл явдал. Тэдний сургалтад хамрагдаж, судалгаатай нь танилцахын тулд олон улсын эмч, мэргэжилтнүүд зардал гарган Японыг зорьдог юм. Тэгэхээр бидэнд ямар сайхан боломж бүрдсэн нь тодорхой. Хавдрын эмнэлэг үндэсний хэмжээний төв гэдэг утгаараа хавдрын өвчлөл, урьдчилан сэргийлэх, эмчилгээ, оношилгоо гээд цогцоор нь ажилладаг. Эмчилгээ, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд, дэлхийн жишигт нийцсэн техник, технологи нэвтүүлэх зорилгынхоо хүрээнд бид олон улсад тэргүүлэгч эрдэмтдийг урьсан” гэлээ.
Ташрамд дуулгахад, Монголд хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээний менежментийг сайжруулах, эмчилгээ, оношилгооны дэвшилт технологи нэвтрүүлэн, нутагшуулахад мэдлэг чадвараа зориулж буй Токиогийн Анагаах ухааны их сургуулийн Гастроэнтерологийн тэнхимийн эрхлэгч, Японы Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Япон, Монголын хамтарсан симпозиумын тэргүүн, профессор Масаказү Ямамотог Алтан гадас одонгоор шагнажээ.
ХОДООДОО “ГАДУУРХТАЛАА” ХҮНДЭРЧЭЭ
Энэ өдөр ХСҮТ-д зохион байгуулсан сургалтын хүрээнд хийсэн таван хагалгааны нэг нь ходоодных. Нэгэн өвчтөний улаан хоолойн доод хэсэг болон ходоодыг бүтнээр нь тайрав. Мэс заслаар авсан эрхтний эдээс шинжилгээ авсны дараа хэддүгээр зэргийн хорт хавдар байсныг нь тодорхойлох юм байна. Бие махбодоосоо нэг эрхтнээ “хөөж”, гаргатлаа өвдөж, өвчилсөн гэхээр тухайн хүн хорт хавдарт хэр “найр” тавьсан нь ойлгомжтой. Ингэж эцэст нь тултал, эд, эрхтнээсээ салтлаа өвчнийг даамжруулж, эрт илрүүлж чадалгүй явсан гэхээр харамсалтай. Уг нь хорт хавдар эмчлэгдэж, эдгэрэх боломжтой болсон. Үүний тулд өөртөө гамтай, хайртай байж, жилд тодорхой хугацаанд шинжилгээ өгч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад, эрт илрүүлэх нь чухал. Монголчууд хэнэггүй гэсэн хачин, бүр тэнэг гэмээр үгээр өөрсдийгөө хэдий болтол “хөөрөгдөн” дэвэргэж, аливааг тартагт нь тулгах юм бэ гэж хэлмээр санагдав.
Дэлхийн хэмжээнд жилд дунджаар нэг сая хүн ходоодны хорт хавдартай гэдгээ оношлуулдаг талаар ДЭМБ-ын тайланд дурджээ. Монголд зонхилон тохиолддог хавдрын хоёрдугаарт ходоодных бичигддэг бол эл өвчний шалтгаант нас баралтаар тэргүүлдэг. Дэлхийн хэмжээнд ч энэ байраа “хамгаалдаг”. ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, Монголын ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Я.Эрдэнэ-Очир “Монголд жилд 9000 орчим хүн ходоодны хорт хавдартай гэж оношлуулдгаас барагцаагаар 6000 нь нас бардаг. Энэ нь өвчнийг эцсийн шатанд оношлуулдагтай шууд холбоотой” гэсэн.
Энэ мэтээр бид мэс заслын өрөөнүүдээр “шагайгаад” гарахад л аймшигтай дүр зураг харагдаж, Монгол дахь хавдрын тохиолдлын талаарх сэртхийм статистик хөвөрнө. Өнөөдөр Монголд хорт хавдартай гэж оношлогдсон 15 000 гаруй хүн байна. Тэдний 5000 гаруй нь жил бүр хорвоог орхидог. Манайд нийт хорт хавдрын 70 гаруй хувь нь III, IV үедээ буюу хожуу оношлогддог. Ийм хар мэдээг хорт хавдар ямар аюултайг мэдрүүлэх үүднээс дурдлаа. Гэхдээ эл өвчин эмчлэгдэх бүрэн боломжтойг дахин дахин хэлье. Хавдар амь авдаг айхтар өвчин байхаа больсныг “Өнөөдөр” сонин “Монголчууд хавдарт идүүлж байна” цувралаараа олонтоо хөндсөн билээ. Үүний тулд эрт илрүүлэх нь чухал гэдгийг дахиад дуулгая. Эрүүл байх нь гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн бас нэгэн үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарлаж, хорт хавдраар өөрөө л зовж, шаналдаггүй, бусдыг ч чирдэг гэдгийг монголчууд маань ойлгоосой. Монголд 2011 оноос эхлэн “Хавдрын эсрэг үндэсний аян” өрнүүлснийг ч ахин дурдахад илүүлэхгүй буй за.
ЭРТ ИЛРҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ
Албаныхан, төр, засгийн удирдлага “ХСҮТ-ийн нөхцөл байдлыг судалж, мэдэж байгаа” гэж хэчнээн ч жил ярьсныг бүү мэд. Хавдар судлалтай холбоотой энэ удаагийн арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх талаар сонсоод энэ тухай асуухыг чухал зорилгоо болгосон юм. Өнгөрсөн бямба гарагт “Чингис” зочид буудалд зохион байгуулсан “Хоол боловсруулах замын хорт хавдрын эмчилгээний менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт хуралд Ерөнхийлөгч харин оролцсонгүй. Түүнийг төлөөлөн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх нь ирж, хурлыг нээж үг хэлэв. Г.Уянга “Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудын нэг нь хорт хавдрын тусламж, үйлчилгээ мөн. Хорт хавдрыг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний үр дүнг тасралтгүй сайжруулах нь эрүүл мэндийн салбарын онцгой чухал бодлогын нэг болсон. Ийм үед олон улсын онол, практикийн хурлыг 11 дэх удаагаа зохион байгуулж буйд туйлын их баярлаж байна.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь дэлхийн анагаах ухааны хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж байж эрүүл мэндийн салбар урагшлах нь зүйн хэрэг. Эл арга хэмжээний хүрээнд Монголд Улсад хийх боломжгүй байсан олон төрлийн мэс заслыг эх орондоо нутагшуулж, үр өгөөжтэй дэвшилт технологи, олон улсын тэргүүн туршлага, арга барил нэвтрүүлэн, нарийн мэргэшил шаардсан оношилгоо, эмчилгээ хийдэг болсон нь хурлын үр өгөөжийг илтгэх нэг шалгуур мөн. Түүнчлэн Монголд эмчлэх боломжгүй гэсэн өвчний жагсаалтыг бууруулах, гадаад руу урсах валютын урсгалыг дотооддоо үлдээж, эрүүл мэндийн салбарыг тэтгэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, эмч нарыг мэргэжилдээ ахиц гаргах, шинийг эрэлхийлэхэд нь ямагт дэмжин, хамтран ажиллах болно” гэж Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж, танилцуулсан юм.
Түүнээс ганц зүйл тодрууллаа.
-Монгол Улсад элэг, хоол боловсруулах эрхтний хорт хавдрын тохиолдол дэлхийн дунджаас давсан, үүний улмаас нас баралтаар манайх олон улсын жагсаалтад тэргүүлдэг гэхчлэн муу мэдээ бий. Үүний зэрэгцээ Монголын хавдрын эмч, мэргэжилтнүүд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх түвшинд бэлтгэгдэж, олон улсын стандартад нийцсэн технологи нэвтрүүлэх боломжуудыг алдахгүй эрэлхийлж, судалдаг гэсэн сайн мэдээ ч байна. Гэхдээ энэ чиглэлийн боловсон хүчний чадавх, нөөц боломжоос хавдрын тусламж, үйлчилгээ 100 хувь шалтгаалахгүй. Үүнд ХСҮТ-ийн нөхцөл байдал, бүр тодруулбал, эмнэлгийн байрны хүртээмж, шинэчлэлтэй холбоотой асуудлыг орхиж болохгүй. Хорт хавдрын тохиолдол Монголд дорвитой буурахгүй байна. Ийм байтал эмнэлгийн байгууламж ачааллаа дийлэхгүй болоод удсан. Олон жил хэл амны бай болсон Хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилга ч энэ асуудлыг шийдэж чадахгүйд хүрснийг Ерөнхийлөгч чихнээсээ “хонх уяулахгүйгээр” сайн мэдэж байгаа болов уу. Энэ эмнэлгийг шинэ барилгатай болгох тал дээр Төрийн тэргүүн ямар байр суурьтай байгаа бол?
-Ерөнхийлөгч ямар нэгэн байр, байшин, хөрөнгө шийдэх боломжгүй. Энэ бол Засгийн газрын шийдэх асуудал. Миний бодлоор, Монголд хорт хавдрын өвчлөл буурахгүй байгаагийн уг шалтгааныг судалж, арилгах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг яаж дээшлүүлэх вэ гэдэгт Төрийн тэргүүн маань түлхүү анхаарах ёстой юм байна гэж энэ хурлаас харлаа. Эмч нар маань чадавхжиж буй ч эмнэлгийн орчин нөхцөл, хүчин чадал шаардлага хангахгүй байгаа нь нэг асуудал мөн ч гэлээ өвчний гол шалтгааныг арилгахад онцгой анхаарч, илүү их хөрөнгө зарах ёстой гэж бодлоо. Эмч нар ч энэ талаар, эрт илрүүлэг ямар чухлыг хэлж байна. Ерөнхийлөгч энэ талаар түлхүү анхаарч ажиллах байх гэв.
11 дэх удаагийн хурлын төлөөлөгч, эмч нар хорт хавдрыг эрт илрүүлэх нь хамгийн чухал гэдгийг онцлон дурдаж, эхэн болон хожуу үеийн эмчилгээ, үйлчилгээ, эдийн засгийн үр дүнгийн талаар ч хэлэлцэв. Үүнтэй холбоотой ганцхан жишээг Японы эрдэмтэн Косүкэ Нарүмиягийн илтгэлээс эш татъя. “Эрт болон хожуу үед оношлогдсон ходоод, улаан хоолойн булчирхайлаг эсийн хавдрын үсэрхийллээс шалтгаалж, ходоодны амсар хэсгийг тайрах нь аюул багатай. Хожуу үед илрүүлсэн эл төрлийн хавдартай хүний амьдрах чадвар 38 хүртэл хувь бол эрт үеийнх нь 88 хувь байна” гэж тэрбээр дурдсан юм.