Өнгөрсөн амралтын өдрүүд Францын Барицца хотноо "Их-7"-ийн (G7) дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтад бүлгийн удирдагчид АНУ болон Хятадын хоорондох худалдааны дайн, Иран, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, Сири болон Украин дахь нөхцөл байдал зэрэг дэлхийн тулгамдсан асуудлаар ярилцахын хамт ОХУ-ыг тус бүлэгт эргүүлэн элсүүлэх тухай хэлэлцжээ. Өмнө нь АНУ, Францын Ерөнхийлөгч нар ОХУ-ыг оролцуулан “Их-8”-ийг сэргээх тухай асуудлыг уулзалтад тавина хэмээн мэдэгдэж байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ, Орос улс “Их долоо”-той тогтоосон аливаа холбоо харилцааг ашигтай гэж үздэг гээд “Их найм”-ын бүлгийг сэргээхийг үгүйсгээгүй байна. Герман, Их Британи, Канад, Европын холбоо ОХУ-ыг тус бүлэгт эргүүлэн элсүүлэх асуудлыг Украины асуудалтай холбож эсрэг бариа сууриа илэрхийлжээ. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ асуудлаас болж G-7-ийн бусад удирдагчидтай муудалцсан тухай “The Guardian” сонин дипломат эх сурвалжийг дурдан мэдээлсэн байна. АНУ-ын төрийн тэргүүн Иран, БНАСАУ, Сири зэрэг асуудлыг хэлэлцэхэд ОХУ-ын оролцоо нэн шаардлагатай гэсэн байр сууриа зүтгүүлжээ. Түүнийг Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте дэмжиж, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо төвийг сахисан тухай эх сурвалж мэдээлжээ. Эцэст нь G7-ийн бүлэг ОХУ-ыг оролцуулан G8-ийг сэргээх нь “эрт байна” хэмээн үзсэн байна.