БНСУ-ын Засгийн газар Япон улстай байгуулсан тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээг цуцалж байгаагаа өчигдөр мэдэгджээ. Хоёр орны хооронд үйлчилдэг тус гэрээний хугацаа энэ Бямба гарагт дуусах ёстой бөгөөд аль нэг тал нь цуцлах санаачилга гаргаагүй бол автоматаар сунгагдах ёстой байжээ. Өчигдөр өдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл олон цагийн турш хуралдсаны дараа ийм шийдвэр гаргажээ. Энэ тухай тус байгууллагын орлогч дарга Ким Ю Гын сэтгүүлчдэд мэдээлэхдээ ““Сөүл-Токиогийн хоорондох итгэлцэл алдагдсан гэх шалтгаанаар БНСУ-ыг худалдааны итгэлтэй түнш орнуудын жагсаалтаас хассан учраа Японы эрх баригчид тайлбарлаж чадаагүй бөгөөд энэ нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд зохих өөрчлөлтийг дагууллаа. Засгийн газар Япон улстай тагнуулын мэдээлэл солилцохоо зогсоохоор шийдсэн. Холбогдох шийдвэрийг дипломат сувгаар Токиод мэдэгдсэн” гэжээ. Үүнээс гадна, тэрбээр “цэргийн чухал мэдээлэл солилцох гэрээг сунгах нь БНСУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэхээ больсон” гэдгийг мэдэгдсэн байна. Японы Гадаад хэргийн сайд Коно Таро “Гэрээг цуцлах Өмнөд Солонгосын засгийн газрын шийдвэр нь бүс нутгийн аюулгүй байдлын өнөөдрийн нөхцөл байдлыг бүхэлд нь буруугаар үнэлсэн, хэтэрхий харамсалтай алхам гэж би хэлмээр байна” гээд Токио дахь Өмнөд Солонгосын элчин сайдад албан ёсны эсэргүүцэл илэрхийлэхээр болсныг мэдэгджээ.