УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, АН-ын зөвлөлөөс ирүүлсэн саналд байр сууриа нэгтгэжээ. Тодруулбал, АН-аас гаргасан 25 саналын 17-г нь хүлээн авсан байна.
Ингэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг 99 болгож, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил байхыг бүлгийн гишүүдийн олонх нь дэмжжээ.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг нь дотроосоо, үлдсэн тавыг нь УИХ-аас томилдог байхаар нэмэлт, өөрчлөлтөд оруулахаар болжээ.
Ийнхүү эрх баригч намын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөж шийдвэрт хүрсэн тул байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийнг хэлэлцэнэ.