“Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 296 дугаар тогтоолыг энэ оны долдугаар сарын 9-нд баталсан. Засгийн газраас хоёр удаа буцаасан уг тогтоолын төслийг наадмын өмнөх өдөр баталсан нь энэ. Тогтоолыг батлахдаа өргөн барьсан бодлогоос нь ер гажуудуулаагүй. Мэдээлэлд ойр эх сурвалжууд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар том тохиролцоонд хүрч байж тогтоолын төслийг батлахаар болсон гэж “бор шувуу” нисгэж байна. Юутай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар санасандаа хүрч, боловсруулсан бодлогоо хэрэгжүүлэх боллоо. Түүний ямар бодлого боловсруулаад буйг манай сонин өмнө нь “Д.Сумъяабазар сайдын шийдсэн мэх” нийтлэлээр хөндсөн болно. Товчхондоо, тэрбээр Тавантолгойн ордоос “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшдэг лицензийг хувааж, түүндээ тулгуурлан олон улсын хөрөнгийн биржээс мөнгө босгохоор төлөвлөж буй.
ШИНЭ ХУВИЛБАР
Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах энэ бүтцээр гэрээ байгуулахыг УИХ-аас зөвшөөрөөгүй юм. Энэ бүтцээр бол “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн ордыг ашиглах төслийн компанийн өгөөжийн 17 хувийг л хүртэх байжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн хувьцааг эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой”-д ордын өгөөжийн багахан хэсэг ногдоно гэсэн үг.
Тогтоолд тусгаснаар “Эрдэнэс Тавантолгой”-н дор охин компани байгуулж, Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайг нь шилжүүлэхээр болжээ. Тэгэхээр зүүн уурхайн лицензийг эзэмшигч компанийн хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид ирэх жилийн эхээр арилжина гэсэн үг. Босгосон мөнгөөрөө “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн олон удаа ярьсан нүүрс баяжуулах үйлдвэр, авто болон төмөр зам тавих зэрэг төсөл хэрэгжүүлнэ. Цанхийн зүүн уурхайд тулгуурлаж босгосон мөнгөөр төслүүдээ бүрэн хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй. Тиймээс Цанхийн баруун уурхайн лицензийг хожим нэмж шилжүүлэн, нэмэлт хувьцаа гаргана. Бүтээн байгуулалтаа хийж дуусна. Тавантолгойн ордын өгөөж нэмэгдэнэ. Тэдний төлөвлөгөө ерөөс ийм.
Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт татаж, үр ашигтай ажиллах гурван төлөвлөгөө гаргасны хамгийн сүүлчийнх нь энэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтарснаас олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцааг нь гаргасан нь ард түмэнд илүү ашигтай нь цагийн эрхээр тодорхой болсон учраас ийм алхам хийж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийг гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлж болно. Гэхдээ энэ компанийг тойрсон хууль, журмын зөрчил өчнөөн бий. Тиймээс л “цэвэрхэн” компани байгуулж, хувьцааг нь арилжих гэж буй хэрэг. Болно, болохгүй, зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг нийгэмд өрнөх нь дамжиггүй. Гэхдээ Тавантолгойн коксжих нүүрсийг нэмүү өртөг шингээн борлуулж, өндөр үр ашиг олох шаардлагатай нь бодит үнэн билээ.
“Тавантолгойн ордын үйл ажиллагааг “Эрдэнэс Тавантолгой” дангаараа хариуцан ажиллах нь бусад хувилбараас илүү ашигтай харагдаж байна. Ордыг “Эрдэнэс Тавантолгой” бие даан хөгжүүлэх нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бусад хувилбараас илүү хувь нэмэр оруулах юм” гэсэн дүгнэлт нэгэн судалгааны материалд бий. “Эрдэнэс Тавантолгой” охин компани байгуулж, түүнийхээ хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулъя гэж бодъё. Ингэхээр тус компанийн хувьцааны 70 хувь “Эрдэнэс Тавантолгой”-д үлдэнэ. Өөрөөр хэлбэл, олсон ашгийнх нь 70 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани захиран зарцуулах эрхтэй гэсэн үг.
Тус компанийн хувьцааны 14 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн эзэмшиж буй. “Эрдэнэс Тавантолгой” Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулах компанийн хувьцааны дийлэнхийг эзэмшиж байвал эцэстээ иргэдэд очих ногдол ашиг ч их байх нь дамжиггүй. Энэ бол энгийн логик. Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хэлэлцээрүүд амжилтгүй болсон, УИХ-ын гишүүд зөвшөөрөөгүй нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувь эзэмшил багасах байсантай холбоотой юм. Үүнийг дор өгүүлэх өмнөх хувилбаруудын харьцуулалтаас хараарай. Түүнээс өмнө Тавантолгойн орд хэр үнэ цэнтэй болох, зарим үйл явдлын өрнөлийг тодотгоё.
Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайг 2012 онд “Deutsche bank” болон “Goldman sachs” компани 4.8 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байдаг. Мөн “Frontier securities” компани Цанхийн баруун, зүүн уурхайг 8.8 тэрбум ам.доллар гэж үнэлсэн. “M. Klein & Company” фирм Цанхийн баруун болон зүүн уурхайг 5.1 тэрбум ам.доллароор үнэлсэн юм. Энэ бол долоон жилийн өмнөх үнэлгээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа жигдэрч, хоёр уурхайд чамгүй хөрөнгө оруулсан. Үүгээр зогсохгүй нүүрсний үнэ ч өслөө. Тиймээс ордын үнэ цэн үүнээс ч дээшилсэн нь гарцаагүй. Тухайн үед эрдэс баялгийн эдийн засагчид “M. Klein & Company” фирмийн үнэлгээг илүү бодитой гэж үзэж байв.
Түүхийг эргэн сануулбал, УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны 39 дүгээр тогтоолд Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлыг тусгасан юм. Засгийн газар уг тогтоолыг үндэслэн тухайн онд нь Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендер зарласан. Ингээд 15 сонирхогчоос зургаан компанийг хураангуй жагсаалтад үлдээсэн билээ. Хураангуй жагсаалтад БНХАУ-ын “Шинхуа энержи”, ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл”, АНУ-ын “Пийбоди энержи”, Люксембургийн “Арселор металл”, Бразилын “Вале”, Швейцарын “Экстрата” компани үлдэж байлаа. Дараа жил нь Тавантолгойд хөрөнгө оруулах компанийн хувьцааны 40 хувийг БНХАУ-ын “Шинхуа энержи”, 36-г ОХУ-ын “Оросын төмөр замын нэгдэл”, 24-ийг АНУ-ын “Пийбоди энержи”-д эзэмшүүлэх хувилбарыг ажлын хэсгийнхэн хөндсөн. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжээгүй.
Засгийн газраас дараа нь буюу 2014 оны наймдугаар сарын 20-нд Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай 268 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолд Тавантолгойн ордыг ашиглах эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, мэргэшсэн удирдлагын баг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэх чиглэл өгсөн юм. Эл тогтоолын дагуу мега төсөл хариуцсан сайд М.Энхсайханаар ахлуулсан баг Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлалаа. Тендерт Хятадын “Шинхуа энержи”, Японы “Сүмитомо”, Монголын “Энержи ресурс” компанийн консорциум шалгарсан. Улмаар 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд консорциумтай байгуулах Хамтын ажиллагааны болон хөрөнгө оруулалтын гэрээ, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын 40 гаруй гишүүн эсэргүүцэн, гэрээний төслийг хэлэлцэхгүй буцаасан билээ.
...Ерөөс монголчуудын хүртэх өгөөж бага гэсэн үндэслэлээр Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт татаж, хөгжүүлэх хувилбарууд “унасаар” байгаа. Хувьцаа гаргаж, мөнгө босгох нь магадгүй хамгийн зөв хувилбар ч байж мэднэ. “Галт тэрэг” хөдөллөө. Хаана хүрэх бол...
Энэ бол Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах нэг хувилбар байсан юм. Уг хувилбарт төсөл хэрэгжүүлэгч компани нь “Энержи ресурс” байхаар тусгасан. Тус компанийн хувьцааны 51 хувийг “Энержи ресурс корпорац”, 49-ийг нь “Шинхуа энержи” эзэмшинэ. Харин “Энержи ресурс корпорац”-ын 66 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining сorporation”, 34-ийг нь “Эрдэнэс Тавантолгой” эзэмшихээр байв. Ийм бүтэцтэй, өөрөөр хэлбэл, “Энержи ресурс корпорац”-аар дамжуулж буй тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” төслийн компанийн 17 хувийг эзэмшихээр байлаа. Ингэхээр Тавантолгойн ордоос олж буй үр ашгийн 17 хувь нь “Эрдэнэс Тавантолгой” компанид ногдоно гэсэн үг.
Үүнээс гадна “Энержи ресурс”, “Шинхуа энержи”-тэй хамтарсан учир нэгдмэл сонирхолтой этгээд, мөн Монголын тал төслийн компанийн 51-ээс дээш хувийг эзэмших шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Мөн “Mongolian mining corporation”-ы нэг тэрбум орчим ам.долларын өр шилжиж ирнэ, иргэдэд ногдол ашиг тараах хугацаа хойшилно гэж болгоомжилсон. Тухайн үед “Шинхуа энержи”-д “Энержи ресурс” компанийн 49 хувийг 600 сая ам.доллароор зарах хувилбар яригдаж байв. Энэ тохиолдолд Тавантолгойн нүүрсний ордыг нэг тэрбум 224 сая ам.доллароор үнэлсэн хэрэг гэж үзсэн. Тавантолгойн ордыг багаар үнэлсэн, “Эрдэнэс Тавантолгой”-н төслийн компаниас эзэмших хувь бага гэсэн үндэслэлээр энэ хувилбарыг хэрэгжүүлээгүй.
“Эрдэнэс Тавантолгой” төслийн компанийн 51, “Шинхуа энержи” 49 хувийг нь эзэмших өөр нэгэн хувилбар яригдсан. Энэ тохиолдолд нүүрс олборлолтыг дотоодын операторууд гүйцэтгэх, харин баяжуулах үйлдвэрийг хөрөнгө оруулагчтай хамтран барих байв. “Шинхуа энержи” төслийн компанийн 49 хувийг эзэмшихийн тулд 650 сая ам.доллар санал болгосон байдаг. Энэ нь Тавантолгойн ордыг 1.3 тэрбум ам.доллароор үнэлсэн хэрэг. Эл үнэлгээ нь “M. Klein & Company” фирмийн тооцсон 5.1 тэрбум ам.доллароос хэд дахин бага юм. Тиймээс бодит үнэлгээнд хүрээгүй гэж үзсэн. Тогтоолд үндэсний компани 51-ээс дээш хувийг эзэмшинэ гэсэн заалтыг биелүүлсэн ч хөрөнгө оруулалт нь бага гэсэн үндэслэлээр мөн дэмжээгүй юмсанж.
Ерөөс монголчуудын хүртэх өгөөж бага гэсэн үндэслэлээр Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт татаж, хөгжүүлэх хувилбарууд “унасаар” байгаа. Хувьцаа гаргаж, мөнгө босгох нь магадгүй хамгийн зөв хувилбар ч байж мэднэ. “Галт тэрэг” хөдөллөө. Хаана хүрэх бол. Бас замын дунд гацчих юм болов уу. Засгийн газрын 296 дугаар тогтоолд “Эрдэнэс Тавантолгой”-гоос иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх бэлтгэлийг хангуулах гэж заасан байна лээ. Иргэдийн 1072 ширхэг хувьцаа гадаадын биржид давхар бүртгэл хийлгэснээр “амилах” бололтой. Ямартай ч Тавантолгойг үр ашигтай ашиглах хувилбаруудын ялгаа ийм байна.