Британийн “Forensic Architecture” судалгааны бүлэг 2014 онд Украинд болсон Иловайскийн тулалдаанд Оросын арми оролцсон талаар нотлох баримт цуглуулсан тухай “The Guardian” сонин мэдээлжээ. Судлаачдын хэлснээр бол судалгааны бүлэг Украин дахь Оросын зэвсэгт цувааны мөн түүнчлэн тухайн үед зөвхөн ОХУ-ын армийн зэвсэгт хүчинд л байсан Т-72БЗ танкуудын олон тооны хиймэл дагуулын авсан зургийг цуглуулан жагсаалт гаргажээ. “Forensic Architecture” тайлбарлаж буйгаар бол нотлох баримтуудыг нээлттэй эх сурвалжуудаас Хүний эрхийн Европын төвийн хүсэлтийн дагуу цуглуулсан аж. Цуглуулсан нотлох баримтуудыг Европын хүний эрхийн шүүхэд Украины цэргийнхний талаас Оросын Холбооны Улсын эсрэг нэхэмжлэл гаргахад ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. Иловайскийн төлөөх тулалдаанд нэг талаас Украины хүчний байгууллага нөгөө талаас өөрийгөө тунхагласан Донецкийн Бүгд Найрамдах Улсын (ДБНУ) цэргүүд оролцсон бөгөөд “Иловайскийн тогоо” гэж нэрлэгджээ. Тулалдааны явцад Украины армийнхан хотын нэг хэсгийг эзэлж чадсан боловч дараа нь тэднийг ДБНУ-ын хүчнийхэн бүслэн авсан бөгөөд 2014 оны есдүгээр сарын эхээр “тогоо” ажиллагааг устгажээ. Эл тулалдаанд Украины олон зуун цэрэг амиа алдаж, шархдаж, олзлогдсон байна. Иловайскийн тулалдаан нь Украины хувьд тус улсын зүүн хэсэгт болж буй байлдааны явцад амссан хамгийн том хохирол болжээ. Үүний дараа, Украины цэргийн командлагч А.Билецкийн хэлснээр тус улсын арми "сэтгэл санааны уналтад” орсон аж. Уг тулалдаанд Оросын арми оролцсон гэж Киев удаа дараа мэдэгдэж байсан ч Москва үүнийг хүлээн зөвшөөрөөгүй билээ.