АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хамгийн том Гренланд арлыг Даниас худалдаж авах санааг мартах хэрэгтэй гэж Данийн улс төрчид үзэж байгаа тухай “Ekstra Bladet” сонин бичжээ. Данийн Ерөнхий сайд асан Ларс Расмуссен АНУ-ын ерөнхийлөгчийн үгийг бүр тоогоод ч хэрэггүй гэжээ. “"Энэ магадгүй Дөрвөн сарын нэгний хошигнол байх...гэхдээ улиралдаа тохироогүй хошигнол байна” гэж тэрбээр хэлжээ. Данийн парламентын гишүүн Зүүний намын төлөөлөгч Майкл Ааструп “Гренланд зарагдахгүй! газар нутаг болон хүмүүсийг худалдаж авахад хялбар байсан цаг үе азаар ард хоцорсон" хэмээсэн бол тус Гренландын Ардын намын дарга Сорен Есперсен өөрийн дургүйцлээ бүр ч хурцаар илэрхийлжээ. Тэрбээр “Хэрэв тэрбээр (Трамп) үнэхээр энэ асуудлаар ажиллаж байгаа бол энэ нь түүнийг галзуурсныг нотолж байна. Дани улс 50,000 иргэнээ АНУ-д зарна гэдэг санаа бол үнэхээр солиорол юм гэдгийг хэлэх нь зүйтэй” гэжээ. “Бүхэл бүтэн улсыг ард түмэнтэй нь худалдаж авч болно гэж бодож байгаа бол энэ нь Трампыг хэн бэ гэдгийг тодорхойлж байна. Гренланд бол хамгийн түрүүнд гренландчууд юм. Энэ бол XIX зуун биш” гэж парламентын гишүүн Улаан-Ногоон нэгдсэн намын дарга Прнилле Скипер мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландын арлыг Дани улсаас худалдаж авах талаар зөвлөхүүдтэйгээ ярилцсаныг The Wall Street Journal мэдээлсэн юм. Эл мэдээллийг Ерөнхийлөгч Трамп ням гарагт /20419.08.18/ сэтгүүлчидтэй уулзахдаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр өөрийн эл санааг стратегийн хувьд тун сонирхолтой сэдэв боловч одоохондоо нэг номерт тавигдах асуудал биш гэсэн байна. Эл ярилцлагадаа Гренланд арал нь Данийн засгийн газарт санхүүгийн дарамт болдог, жил бүр энэ арлын амьдралыг тэтгэхийн тулд $700 сая орчмыг зарцуулдаг талаар АНУ-ын тэргүүн дурджээ. Тэрбээр ирэх сарын эхээр Данийн Вант улсад айлчлах гэж байгаа. Гэхдээ энэ айлчлал нь Гренланд аралтай ямар ч холбоогүй гэдгийг ерөнхийлөгч баталсан байна. Ням гарагт Гренландад очсон Данийн ерөнхий сайд Метте Фредериксен “Гренландыг худалдахгүй. Гренландыг гринландчууд мэднэ. Энэ сэдэв бодитой яриа битгий болоосой гэж би үнэн сэтгэлээсээ хүсэж байна” гэж ярьжээ.