"Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II их хурал Улаанбаатар хотноо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Монгол Зургийн танхимд өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хуралд оролцож, нээж үг хэлэв. Энэхүү эрдэм шинжилгээний их хурал энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Тэнгэрийн үзэл ба Космизмын онол” сэдвийн дор болж өндөрлөх юм. Тус хурлыг Шамбала музейгээс Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ, ГХЯ, ОХУ-ын Монгол Улс дахь Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хуралд орос, итали зэрэг хорь гаруй улс орны эрдэмтэн судлаачид оролцож, судалгааныхаа илтгэлийг тавьж, хэлэлцүүлэх юм.
Хурлын үеэр Дүрслэх урлагийн музейн судлаачид өөрийн сан хөмрөгт хадгалагдаж, олонд танилцуулж байдаг Н.К.Рерихийн зурж бүтээн 1927 онд Монгол Улсын Ерөнхий сайд Цэрэндоржид бэлэглэж байсан “Улаан хөлөгт баатар” уран зургийн талаарх химийн шинжилгээний танилцуулга илтгэлийг тавих юм байна. Н.К. Рерих нь Монгол орноор тойрон аялсныхаа дараа энэхүү бүтээлээ туурвисан бөгөөд “Шамбалын хаан Рэгдэндагва ирж байна, монгол эх оронд шамбалын эрин үе ирж, ард иргэд нь олноор жарган суух сайн цаг болно” хэмээн бэлгэдэн зурсан гэж үздэг байна. Улмаар уг зургийн нэрээр нийслэл хотоо Улаанбаатар хэмээн өгсөн ч гэж зарим эрдэмтэд нотлон тайлбарладаг байна. Мөн энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газраас Н.К.Рерихийн гэр музейн үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэж, “Улаан хөлөгт баатар” зургийн эх хуулбарыг “Шамбала” музейн удирдлагад гардуулан өглөө.
“Рерих нар ба Монгол” Олон улсын эрдэм шинжилгээний II их хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Эрхэм хүндэт судлаачид аа,
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай ноёд оо!
“Рерих нар ба Монгол” олон улсын эрдэм шинжилгээний II хуралд оролцож байгаа Та бүхний амгаланг айлтгахын сацуу хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Монголчууд бид эртний түүхтэй, бүтээсэн соёлтой ард түмэн бөгөөд тэдгээрийг судалж илрүүлэх нь монголыг судлагч эрдэмтдийн өмнөө тавьсан гол зорилго байдаг юм. Монголын түүх, соёлыг судалсан ажлынхаа үр дүнг нийтийн хүртээл болгох нь манай Монгол эх орныг танин мэдэх нийтийн оюуны эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй бидний түүх, соёлыг хилийн чанадад сурталчилдаг чухал арга мөн учир Монгол Улсын Засгийн газар ямагт дэмждэг.
Монголыг тал бүрээр судалж бүтээл туурвисан гадаад, дотоодын ялангуяа Оросын судлаач, уран бүтээлчид олон бөгөөд Оросын эрдэмтдийн Монгол судлалын хөгжилд гүйцэтгэсэн, одоо гүйцэтгэж байгаа үүрэг их юм. Тухайлбал, Монголчуудын түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн содон бүтээл “Монголын нууц товчоо” зохиолыг оросын нэрт судлаач Питер Иванович Кафаров (Архимандарит Палладий) шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд анх оруулж “Чингис хааны тухай эртний монгол түүх” нэрээр орос хэлнээ орчуулсан нь тус алдарт зохиолыг анх удаа европод төдийгүй дэлхий дахинд танилцуулж нээсэн ажил болсон юм. Энэ ажлыг манай баатарлаг өвөг дээдсийн түүхэнд холбогдох ховор нандин эх сурвалжийг дэлхий нийтэд монголчуудынх гэж нотолсон судалгаа болсон гэж бид үнэлдэг.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын гол сэдэв болсон Рерих бол монгол судлаачдын дундаас монгол орны түүх, байгалийн дүслэлийг бүтээлийнхээ нэгэн чухал сэдэв болгодог онцлогтойг монголчууд сайн мэддэг.
Монголчууд бэлгэдэгч сэтгэлгээтэй дорно дахины ард түмэн болох хувьдаа Н.К. Рерихийн “Улаан хөлөгт баатар” бүтээлийн агуулгыг сайшаан хүндэтгэдэг. Тус бүтээл Монгол орон, Монголчуудын ирээдүйг өөдрөгөөр дүрсэлсэн хамгийн сайхан бүтээлүүдийн тоонд зүй ёсоор орно. Монгол орноо энхжин, жаргалангийн орон болгон хөгжүүлэх нь монгол хүний чин эрмэлзэл мөн бөгөөд түүнийг монголчуудын соёлын амьдралын 2000 жилийн түүхтэй холбоотой Буддын соёлын агуулгаар баяжуулан бүтээсэн энэ бүтээл манай монгол музейн сан хөмрөгт байгаа хосгүй үнэт соёлын өвийн тоонд ордог юм. Манай нийслэл “Улаанбаатар” хотын нэрийг энэ бүтээлтэй холбох нь бий. Ингэж үзвэл Рерих авгайг монголчууд, манай нийслэлчүүд хүндэтгэхгүй байхын аргагүй бөгөөд агуу судлаачийг, зураачийг мэддэг байх нь зүй ёсны хэрэг болно.
Монгол эх орныг маань судалж, уран бүтээлийнхээ гол сэдэв болгож байсан дэлхийн нэрт уран зураач, монгол судлаач Н.К.Рерихийн бүтээлийн судалгааг идэвхижуулэх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг тогтмолжуулахад анхаарч ажиллаж байгаа Санктпетербург хотын Рерихийн гэр бүлийн музей институт, мөн хотын Гүнзэчойнэй дацан, Улаанбаатар хот дахь Рерих Шамбала музей болон Дүрслэх урлагийн музей зэрэг ОХУ болон Монгол Улсын соёлын байгууллагуудад, мөн хурлыг дэмжин оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд тус тус гүн талархал илэрхийлье.
Та бүхнийг эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ тавтай хэлэлцэж шинэ санаа, судалгааны шинэ сэдвийг энэ удаагийн хурлаас олж авна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.