Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн туслахуудаасаа Дэлхийн хамгийн том арал Гренландыг АНУ худалдаж авч болох эсэхийг сонирхсон талаар “Wall street journal” сонин Цагаан ордон дахь эх сурвалжийг дурдан нийтэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Америкийн төрийн тэргүүн энэ тухай нэг биш удаа асууж байгаа бөгөөд зөвлөхүүдийнхээ тус арлын улстөргазарүйн ач холбогдол, нөөц баялгийн тухай хэлэлцүүлгийг сонирхон сонсдог аж. 56,000 орчим хүн амтай Гренланд нь Данийн Вант Улсын өөртөө засах эрхтэй газар нутаг. Дэлхийн II дайны дараа 1946 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн уг арлыг $100 саятай тэнцэх алтаар худалдаж авах саналыг Дани улсад тавьсан ч татгалзсан хариу авч байжээ. Сүүлийн жилүүдэд умард туйлын бүс нутаг дэлхийн их гүрнүүдийн анхаарлыг улам бүр татах болсноос Гренландын геополитикийн ач холбогдол өсөж байгаа. 1950-аад оноос эхлэн Гренландын хойд хэсэгт а АНУ-ын цэргийн нисэх хүчний бааз байрладаг болжээ.