"Wall Street Journal” сонин өөрийн эрэн сурвалжлахын үндсэн дээр Африкийн орнуудын зах зээлд ноёрхож буй Хятадын “Huawei” компани тус орнуудын засгийн газарт улс төрийн өрсөлдөгчдийнх нь үйл ажиллагааг хянахад тусалж байна гэж дүгнэжээ. Тус сонинд бичсэнээр бол Хятадын харилцаа холбооны аварга компани "засгийн газруудад дижитал мөрдлөг, хяналт хийхэд ашигладаг технологийг нийлүүлжээ”. Гэхдээ Huawei-ийн ажилтнууд нийтийн хэрэглээнд байдаггүй бусад үйлчилгээ үзүүлсэн байна. Наад зах нь хоёр тохиолдолд, Huawei-ийн мэргэжилтнүүд Африкийн засгийн газруудад улс төрийн өрсөлдөгчдөө тагнах, түүний дотор шифрлэж нууцалсан мессежийг задлах, нийгмийн сүлжээнд дэх мэдээлэл рүү нь нэвтрэх, байршлыг нь хянахын тулд гар утасны мэдээллийг ашиглахад хувь нэмрээ оруулсан" гэж тус хэвлэл Huawei компанийн төлөөлөгчидтэй шууд хамтран ажилладаг Африкийн орнуудын аюулгүй байдлын ажилтнуудын мэдээллийг иш татан нийтэлсэн байна. "Huawei”-ийн техникийн ажилчид тагнах ажиллагаанд шууд оролцсон Уганд, Замби улсуудыг сонин жишээ болгон дурджээ. Ингэхдээ сонины эрэн сурвалжлах ажил нь "Huawei” компанийг Бээжингийн ашиг сонирхлын үүднээс Африкт тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэх, мөн түүнчлэн тус компанийн удирдлага Уганд, Замби дахь өөрсдийн ажилчдынхаа үйл ажиллагааг мэддэг, чиглүүлдэг эсвэл өөгшүүлдэг байсан гэх баримт нотолгоо илрүүлээгүй” гэдгээ “Wall Street Journal” хүлээн зөвшөөрчээ. Мөн "Huawei сүлжээний технологид ийм үйл ажиллагааг хийх боломжтой онцгой зүйл байсан" гэдгийг ч илрүүлээгүй байна. Huawei-ийн удирдлагууд тус компани болон түүний ажилтнууд Хятадын засгийн газрын ашиг сонирхолд нийцүүлэн хакердах эсвэл тагнуул үйл ажиллагаа явуулдаг гэсэн АНУ-ын албаны хүмүүсийн гаргасан мэдэгдлийг удаа дараа үгүйсгэсээр ирсэн. Гэсэн хэдий ч АНУ-ын Холбооны бүртгэлийн газраас төрийн байгууллага болон компаниудыг Huawei, ZTE болон Хятадын бусад хэд хэдэн компаниудын бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хориглосон тухай зарласан бөгөөд энэ нь мягмар гарагт хүчин төгөлдөр болжээ. Өнгөрсөн 5-р сард гаргасан тус байгууллагын мэдэгдэлд "АНУ-ын засгийн газар "Huawei” компанийг АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогод харшлах үйл ажиллагаанд оролцсон хэмээн үзэх үндэслэлтэй гэж тогтоов" гэжээ. АНУ-ын засаг захиргааны шийдвэрээр Huawei компани АНУ-аас өөрийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсэг, технологийг худалдан авах эрхээ мөн алджээ. Хятадын компаниуд, тэр дундаа “Huawei”-д тавьсан хориг нь Америк-Хятадын хоорондох "худалдааны дайн" -ын нэг хэсэг гэж үзэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трамп Huawei компанийг Америкийн түншүүдтэй хамтран ажиллах аливаа хэлбэрийг хориглож байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүнийгээ Бээжин Хятад компаниудыг АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдаж авахыг хязгаарласны хариу арга хэмжээ хэмээн тайлбарлажээ.