Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг 22 нам эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл тэдгээрээс 17 намын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийж, санал бодлоо илэрхийллээ. Тэд одоогийн УИХ-ын гишүүдийг 60 тэрбум, ЖДҮХС-ийн асуудалтай холбон тайлбарлаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхгүй хэмээн үзэж байгаа юм.
АТОЗ намын дарга Ц.Нарангэрэл: “Өнөөдрийг хүртэл МАН-ын санаачилгаар явж байгаа үйл ажиллагаа буруу бусармаг байна. Тэд Монголын ард түмний цаашдын хувь заяаг тодорхойлох Үндсэн хуульд маш болгоомжгүй хандлаа. Үүнийг Үндсэн хуульд халдсан гэмт хэрэг гэж үзнэ. Иймд улс төрийн нам, иргэний хөдөлгөөн, эрдэмтэн судлаачид нэгдэж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх гэж байна.
Өнгөрсөн жилийн 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн 14 намыг хүлээн авч уулзахдаа Үндсэн хуульд гар хүрэхгүй хэмээн амласан. Гэтэл тэрбээр хэлсэн амандаа хүрсэнгүй. Үндсэн хууль бол эв нэгдлийн гэрээ байдаг болохоос эвдрэлийн гэрээ биш. Энэ бол ард түмний оюуны бүтээл учраас зөвшилцөл хийхийг удаа дараа шаардаж байна” гэлээ.