Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болов. Тус хуралдаанаар боловсрол, соёлын салбартай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, эх орон, ирээдүй хойч үедээ уламжлалт сэтгэлгээ, дархлаа уламжлуулан үлдээх зорилгоор “Хязгааргүй дуулал” ТББ-аас санаачилсан “Уран бүтээлчид-Улсын хилээр” арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэжээ. Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын болон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь, шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг даргад даалгав. Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөлийг шинээр ашиглалтад оруулах гэнэ. Ингэснээр сургуулийн суудлын хүчин чадал 21 420, цэцэрлэгийн ор 13 140-өөр нэмэгдэх аж. Түүнчлэн Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгасан байна. Үүнээс гадна Үндэсний урлагийн их театрын цогцолбор барих зориулалтаар газрыг нь улсын тусгай хэрэгцээнд авах талаар судалж шийдвэрлэхээр болжээ.
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ЭРХ ОЛГОВ
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Улмаар ийм төрлийн ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, түүний байгууламжийг барьж буй аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг стандарт, нормын дагуу нөхөн сэргээж, орон нутагт нь хүлээлгэж өгөхийг аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон байна.
ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИНА
50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Монголын онцлог, хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж буйгаа Засгийн газар онцолсон. Үүний хүрээнд Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарласан байна. Цэнгэлдэх хүрээлэнг Хан-Уул дүүрэг, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж, 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үүнийг барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж буй юм байна.
ЭМЧИЛГЭЭНИЙ БОЛОН ОРОН СУУЦНЫ ЗАРДАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ. Мөн албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болжээ. Талийгаач нь өнгөрсөн сарын 2-нд Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан билээ.
У.Наран