Энэтхэгийн Кашмир мужийн автономит эрхийг цуцлахаар төлөвлөж буйгаа тус улсын Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ. 1947 онд Пакистан Энэтхэг улсаас тусгаарласны хойш Кашмирын бүс нутгийг хоёр улс аль аль нь өөрийн газар нутаг гэж үзэн маргасаар ирсэн бөгөөд энэ хугацаанд Кашмирт салан тусгаарлах тэмцэл тасралтгүй өрнөж, олон арван мянган хүний амь үрэгдээд байгаа аж. Энэтхэг улс үндсэн хуулийнхаа 370 дугаар заалтыг өөрчилж, Кашмирын автономит эрхийг цуцалсан тохиолдолд хоёр улсын харилцаанд том зөрчил үүсэхээр болоод байна. Уг заалтын дагуу Кашмир муж өөрийн үндсэн хуультай, туг далбаатай байх эрх эдэлдэг бөгөөд зөвхөн гадаад харилцаа, батлан хамгаалах үйл ажиллагааг нь Энэтхэгийн засгийн газар хариуцдаг. Өнөөдөр Энэтхэгийн дотоод хэргийн сайд Амит Шах үндсэн хуулийн Кашмиртай холбоотой заалтыг өөрчлөх саналыг парламентад өргөн барьжээ. Уг төсөлийг өргөн барихаас өмнөхөн Кашмирын засаг захиргааны тэргүүн асан хоёр улс төрчийг гэрийн хорионд оруулж, тус мужид хурал цуглаан зохион байгуулахыг хориглож, гар утас, интернетийн сүлжээнд хязгаарлалт хийжээ. Пакистаны Ерөнхий сайд Имран Хан Энэтхэгийн Засгийн газрын уг мэдэгдэлд санаа зовж буйгаа илэрхийлэн бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулахыг анхааруулжээ