Туркийн арми Сирийн зүүн-умард хэсэгт шинэ цэргийн ажиллагаа явуулах болсноо тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. “Бид Африн, Жараблус, Аль-Баб руу орсон. Одоо бид Евфратаас зүүн тийш явах болно. Манай улсад халдахыг бид чимээгүй хүлээж чадахгүй” гэж түүний хэлснийг Reuters агентлаг хүргэжээ. Энэ тухайгаа Туркийн Ерөнхийлөгч ОХУ болон АНУ-д мэдэгдсэн байна. Сирийн умард бус курдуудуудын “Ардчилсан Холбооны” (PYD) болон түүний зэвсэгт жигүүр болсон “Ардын өөрийгөө хамгаалах бүлэг”-ийн хяналтад байдаг бөгөөд тэднийг АНУ дэмждэг аж. Өнгөрсөн долдугаар сард Анкара тус бүс нутагт аюулгүй байдлын бүс байгуулах асуудлаар Вашингтонтой хэлэлцээ хийхдээ “тэвчээр алдаж” байгаагаа дурдан Сири руу довтлохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ. 2018 оны эхээр Турк улс Сирийн Африн дахь курдийн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг “Оливын мөчир” нэртэй цэргийн ажиллагаа явуулж тус бүс нутгийг хяналтдаа оруулсан юм. Туркийн арми Сирийн нутаг дэвсгэр, Евфрат голын зүүн хэсэгт цэргийн ажиллагаа явуулах гэж байгаад АНУ санаа зовж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгааг тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдэгджээ. “Сирийн зүүн хойд хэсэгт бөгөөд ялангуяа Америкийн цэргүүд Сирийн орон нутгийн хүчнийхэнтэй хамтран Исламын улс бүлэглэлийн үлдэгдэлтэй тэмцэн тус бүсэд ойрхон байж магадгүй нөхцөлд ийм нэг талын байлдааны ажиллагаа явуулах нь ноцтой байдал үүсгэх аюултай. Тиймээс бид ийм арга хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн Туркийг бидэнтэй хамтран ажиллахыг дахин уриалж байна "гэж тус албаны төлөөлөгч Морган Ортэгус хэлжээ.