Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийсэн. Уулзалтын дараа Ерѳнхийлөгч Х.Баттулга Доналд Трампын хүү Бэррон Трампад морь бэлэглэсэн билээ. Энэ үеэр Доналд Трамп сэтгүүлчдэд ярихдаа "Морь бэлэглэсэнд гүнээ талархаж байна. Би мориндоо "Ялалт" гэж нэр өгсөн. Монголчууд үнэхээр сайн барилддаг, дайчин удамтай ард түмэн" хэмээн хэлсэн.
Гэвч Доналд Трамп Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг хүлээж аваагүй талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм ийнхүү жиргэжээ. Тэрбээр "Ерөнхийлөгчийн гэр бүл Монголын уламжлалт бэлгэнд үнэхээр их талархлаа. Морийг "Ялалт" хэмээн нэрлэсэн бөгөөд энэ морь Монголдоо үлдэх болно" гэлээ. Чухам ямар шалтгаанаар морийг эх оронд нь үлдээж байгаа нь тодорхойгүй байна.
The First Family is very grateful to Mongolia for this time-honored traditional gift. The horse has been named “Victory” and will remain in Mongolia. pic.twitter.com/aFqtJzc1Il
— Stephanie Grisham (@PressSec) July 31, 2019
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийн морийг хүлээн аваагүй тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа болж байв. Тухайбал, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүүн нарт морь бэлэглэсэн ч тэд талархлаа илэрхийлээд авч явахаас татгалзаж байжээ.
Тухайн үед Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүүн өөрийн фэйсбүүк хуудаснаа "Монгол Улсын соёлд адуу маш чухал үүрэгтэй. Монголчууд морьгүй бол далавчгүй шувуутай адил. Энэ морь Монголын өргөн уудам талдаа илүү жаргалтай байх болно" хэмээн бичсэн байдаг.