Дэлхийн банкны Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус банкны захирлуудын зөвлөлийн дэмжлэгтэй манай улсад 100 сая “ногоон”-ы санхүүжилт олгохоор болсноо мэдээллээ. Уг санхүүжилт нь Монгол Улсын өрийн таазыг нэмэхгүй байх, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төдийгүй тогтвортой өсөлтийг ханган, хөгжлийг хурдасгахад дэм болох аж. Тодруулбал, манай улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 онд 6.9-д хүрсэн. Төсвийн нөхцөл сайжирч алдагдал нь багассан байна. Улмаар ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ сүүлийн хоёр жилд 13 нэгжээр буурсан аж. Мөн эдийн засаг өсөхийн хэрээр ядуурлын түвшин ч бага хэмжээгээр буурчээ.
Тиймээс дээрх үзүүлэлтүүдийг улам сайжруулах, Засгийн газрын баримталж буй бодлогын шинэчлэлийг дэмжих зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох 100 сая ам.доллар олгох болсноо тус банкны Монгол, Солонгос, Хятад улсыг хариуцсан захирал Мартин Рейзэр онцолжээ. Дэлхийн банкны Эдийн засгийн удирдлагыг дэмжих цуврал хөтөлбөр нь манай улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх дунд хугацааны зорилтыг дэмжих, хөрөнгө оруулагч, түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд гурав дахь шатны санхүүжилтийг ОУВС-гийн зөвлөмжийн дагуу, арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд анхаарах, туслах зорилготой гэнэ.