2019 оны эхний хагас жилд Афганистаны арми болон НАТО-ийн цэргүүдийн байлдааны үйл ажиллагааны улмаас нас барсан энгийн иргэдийн тоо Талибууд болон Исламын Улс бүлэглэлийнхний гарт хохирсон иргэдийн тооноос илүү гарч байгаа тухай НҮБ-ын илтгэлд тэмдэглэгджээ. Энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сарыг дуустал Афганистаны арми, НАТО-ийн цэргийнхний дайралтад 717 энгийн иргэн, засгийн гарын эсрэг хүчний байлдагчид тэр дундаа талибууд болон Исламын улс бүлэглэлийн дайчдын гарт 531 энгийн иргэн алуулжээ гэж илтгэлд заасан байна. НҮБ 10 гаруй жилийн өмнөөс Афганистанд дайны улмаас нас барсан энгийн иргэдийн тоог гаргаж эхэлснээс хойш анх удаа ийм дүр зураг ажиглагдаж байгаа гэнэ. Засгийн газрын эсрэг хүчнийхний дайралтаас хохирсон иргэдийн тоо буурсан явдал амиа золиослогчийн тоо багассантай холбоотой аж. Харин Афганистаны армийн агаарын хүчний үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр энгийн иргэд олноор үхэх болжээ. НҮБ-ын Афганистаныг дэмжих Нийгэмлэгийн мэдээлснээр энэ хугацаанд агаарын цохилтод (ихэвчлэн АНУ-ын нисэх хүчний) 363 энгийн иргэн тэдгээрийн дотор 89 хүүхэд өртөж нас барсан байна. АНУ Афганистан дахь цэргийн үйл ажиллагаагаа 2014 онд албан ёсоор дуусгасан ч урьдын адил засгийн газрын дэмжигч хүчинд агаарын болон бусад цэргийн дэмжлэг үзүүлсэн хэвээр байгаа аж.