Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопыг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Төв талбайд угтан мэндчилснээр түүний манай улсад хийсэн албан ёсны айлчлал эхэллээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эл айлчлалыг хийж буй. УИХ-ын дарга эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан. Дараа нь парламентын дарга нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийсэн юм.
ДАРХАНЫ АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОРТ АЖИЛЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙГ
БЭЛТГЭХЭД ТУСЛАХЫГ ХҮСЛЭЭ
Хэлэлцээ хийсний дараа тэд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд уулзалтын үеэр хоёр орны парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, иргэний нисэх, аялал жуулчлал тэргүүтэй олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Тодруулбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцаагаа ойртуулах, Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд аль аль талаас дэмжиж ажиллахаар тогтсоныг УИХ-ын дарга дуулгав. Үүний зэрэгцээ Турк Улсын туршлага, ноу-хау, ололт амжилтаас Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал солилцжээ.
Тодруулбал, хөдөө аж ахуй, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж, Турк улсад хүнс, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн экспортлох, ТЭЗҮ-ийг нь бэлэн болгоод буй Дарханы арьс, ширний үйлдвэрлэлийн цогцолборт ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, тусгай мэргэжлийн сургалтад хамруулахад хамтран ажиллаж, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн чөлөөт бүсийн чиглэлээр тус улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэж, үүний хүрээнд харилцан ойлголцлын санамж бичгийн Туркийн талын төслийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй буйгаа уламжилжээ. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн шугамаар манайд олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлснийг Г.Занданшатар дарга тэмдэглээд, үүнийгээ үргэлжлүүлэхийн төлөө буйгаа илэрхийлсэн аж.
УИХ-ын дарга “Турк, Монгол хоёр улс санаачилж Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлж ажиллахаар тохиролцсон нь бидний хэл, соёл, түүх, угсаа гарлын язгуур ойролцоо байдагт тулгуурлаж буй хэрэг” гэв. Уг бүлэгт Эстони, Финланд, Унгар, Казахстан, Туркменистан, Азербайжан, Татарстан, Монгол, Турк, улмаар Япон, Солонгос улсууд багтдаг аж. Тэрбээр “Нийгмийн хамгааллын тухай Монгол, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг УИХ соёрхон баталсан. Хоёр улсад амьдарч буй монгол, турк иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой уг хэлэлцээрийг БНТУ-ын Үндэсний их хурал ойрын хугацаанд соёрхон батална гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн тус айлчлал нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, аюулгүй байдал, манай хоёр улсын хөгжил цэцэглэлт цаашид өргөжин дэлгэрэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа мэдээллийн төгсгөлд онцолсон юм.
Харин олон мянганы улбаатай түүх, соёлын уламжлалт харилцаанд тулгуурлан Монгол, Туркийн хамтын ажиллагааг бүх салбарт хамгийн дээд түвшинд хүргэх чин хүсэлтэй байгаа төдийгүй төрийн дээд байгууллагууд, Засгийн газрууд эв санаа нэгтэй буйд баяртай байгаагаа их хурлын дарга Мустафа Шентоп илэрхийлсэн. Үндэсний их хурлын дарга парламент хоорондын хамтын ажиллагаа сайн хөгжиж байгааг онцолж, үүнд найрамдлын бүлгүүд онцгой үүрэгтэйг хэлж байлаа. Мөн 2018 онд Монголд хийсэн, тус улсын Шадар сайд Хакан Чавушолугийн айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарыг БНТУ-д айлчлах, 2020 онд тохиох Үндэсний их хурлын 100 жилийн ойд оролцохыг урьсныг талархан хүлээн авчээ. Тэрбээр Урал-Алтайн хэлний бүлгийн улс орнуудын парламентын хамтын ажиллагааны санаачилгыг ойрын хугацаанд эхлүүлнэ хэмээн найдаж буйгаа хэлээд, “Хоёр улсын харилцаанд эдийн засгийн салбар чухал нөлөөтэй. Одоогоор хоёр улс эдийн засгийн харилцааны бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа хэмээн үзэж буй. Цаашид худалдааны эргэлтийг олон зуун сая ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа” гэв. 2018 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 43 сая ам.доллар байгаа аж.
“ТУРКИШ ЭЙРЛАЙНС”-ЫГ ОНЦОЛСООР
Мөн эдийн засгийн харилцаа нь бусад салбарын хамтын ажиллагааг түүчээлэгч байгаасай хэмээн хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар хоёр орны холбогдох байгууллагууд энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллана гэдэгт найдаж байгаагаа хэлж байлаа. Турк, Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх гол гарц бол “Туркиш эйрлайнс” компанийн өдөр тутмын шууд нислэгүүд бөгөөд тус улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахад бэлэн байгааг парламентын дарга нь дуулгалаа.
Тиймээс парламентын удирдлагын түвшинд “Туркиш эйрлайнс” компанийн тээвэрлэж буй зорчигчдын тоог нэмэгдүүлэх талаар санал солилцсон бөгөөд байр суурь нэг байгаа тул ойрын хугацаанд бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж буйгаа Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп илэрхийлэв. “Туркиш эйрлайнс”-ын тээвэрлэж буй зорчигчдын тоог нэмэгдүүлэх саналыг тус улсын өндөр, дээд түвшний төлөөлөгчид төдийгүй манай улсад суугаа Элчин сайдын яам, холбогдох хүмүүс нь байнга тавьж ирсэн байдаг. Агаарын тээврийн хамтын ажиллагааны тухайд Монголын талаас хоёр талын суудлын тоог нэмэгдүүлж, тээвэрлэгч тус бүр долоо хоногт 500 суудал нийлүүлэхээр байгааг 750-1000 хүртэл нэмэгдүүлэх, эл салбарын харилцааны бусад асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Мөн УИХ ойрын үед Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлахаар төлөвлөж байгааг дуулгаж, үүний хүрээнд хоёр талын аялал жуулчлал, тэр дундаа түүхэн болон соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайлбал, Орхоны хөндий дэх аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөлд үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлт тавьсан байна. “Туркиш эйрлайнс”-ын нислэгийг өдөр бүр явуулдаг болсноор Туркээс жилд 75 мянган жуулчин Монголд ирнэ гэсэн тооцоо гарсныг тэмдэглэж байлаа. Түүнчлэн эл асуудлыг шийдсэнээр Монголын талаас санал болгож байгаа Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолборыг хамтран хөгжүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал шийдэгдэж, улмаар газар тариалан, мал аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах боломж бүрдэнэ гэлээ.
Үүнээс гадна боловсролын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд манай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхэд бэлэн гэдгээ хэлж байлаа. Цаашлаад хэвлэл мэдээллийн байгууллагуудын шууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, богино хугацааны, төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдэд Монголын төрийн ажилтнуудыг хамруулах, түүх, соёлын судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа жишээнүүдийг дурдаж, цаашид өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэлээ. Мөн Монгол, Туркийн хооронд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрээр зургаан сарын хугацаанд 30 хүртэл хоног визгүй зорчиж байгаа журмыг 90 хоног болгож сунгах боломжтой хэмээн онцоллоо.
Түүнчлэн Монгол Улсад 600 гаруй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлээд байгаа ТИКА үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгийг ч тэмдэглэв. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд тус байгууллагаас хэрэгжүүлж буй хоёр ч төслийн нээлтэд оролцсон. УИХ-ын дарга болон албаны бусад хүнтэй ФЕТО террорист байгууллагын талаар мэдээлэл солилцсон тухайгаа тэрбээр дурдаад, байр суурь нэг байгаад баяртай байгаагаа онцолсон. Мөн тэрбээр хоёр улсын их, дээд сургуулиудын харилцаа хурдацтай хөгжиж байгааг дурдаад, БСШУСЯ-тай хамтран монгол оюутныг Турк улсад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэв. Төгсгөлд нь тэрбээр Монгол Улс нь газар зүйн байрлал болон улс төрийн хувьд өрнө, дорныг холбогч гүүр хэмээн үздэг гээд халуун дотноор угтан авсанд талархал илэрхийлэв. Хоёр тал Монгол дахь турк сургуулиудтай холбоотой зарим асуудал, Туркийн талаас авах хөнгөлөлттэй зээл, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд хамтран оролцох зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан аж. Парламентын дарга нар ийн товч мэдээлэл өгсөн бөгөөд сэтгүүлчдэд асуулт тавих боломж олгоогүй юм.
Айлчлалын хүрээнд тэрбээр дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргасан дурсгалын маркийг танилцуулах ёслолд оролцож, ТИКА-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн үйл ажиллагааг сонирхлоо. Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт зориулалтын, нягтаршуулсан 400 шүүгээг тус байгууллагаас хандивласан юм. Ингэснээр архивын үйл ажиллагаа хэвийн явагдах боломж бүрдсэнээс гадна сан хөмрөгийн багтаамж сайжирч, хадгалалт, хамгаалалтын орчин стандартын дагуу бүрджээ. Ташрамд дурдахад, ТИКА-гийн шугамаар Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүдийн мөнгөн дүн 40 сая ам долларыг давсан байна.